Украины засгийн газар Илон Маскийн илгээсэн Starlink-ийн терминалуудыг хүлээн авчээ

SpaceX компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эрхэм Илон Маск өнгөрсөн амралтын өдөр Украинд интернэт холболтын төхөөрөмжүүдээр туслахаа амлаж байсан билээ.

Түүний санаачилсан Starlink төсөл нь дэлхийн өнцөг булан бүрээс ижил өндөр хурдаар интернэтэд холбогдох үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Бямба гарагт Украины засгийн газрын шадар сайд Михайло Федоров хүсэлтээ твиттер сүлжээгээр Илонд тавиад удалгүй зөвшөөрсөн хариу авч байв.

Дайны байдалд байгаа Украин улсад интернэтийн дэд бүтцийн ажиллагаа найдваргүй болсон тул хиймэл дагуулын интернэт чухал ач холбогдолтой юм.

Илгээсэн хиймэл дагуулын терминал төхөөрөмжүүдийг нь хүлээж авснаа Федоров өчигдөр твиттер хуудсандаа мэдэгдээд америк тэрбумтанд талархлаа илэрхийлжээ.

Starlink төслийн хүрээнд одоогоор 2,000 орчим хиймэл дагуулыг дэлхийн нам өндрийн тойрог замд байрлуулаад байгаа. Хэрэглэгч эдгээр хиймэл дагуулуудтай тусгай терминалаар холбогдож, дэлхийн хаанаас ч өндөр хурдны интернэт хэрэглэх боломжтой юм. Нэгдүгээр сарын байдлаар Starlink төсөл 145,000 орчим хэрэглэгчтэй болсон байна. Starlink төсөл хиймэл дагуулуудынхаа тоог нэмэхийн хэрээр дэлхийн бүс нутгуудад үйлчилгээгээ шат дараатай нээх юм.

 

Эх сурвалж: The Verge

 


URL: