Оросын хөл бөмбөгчдөд FIFA, UEFA бүрэн хориг зарлалаа
Оросын эрх баригчид Украин улсыг эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Оросын бүх клубүүд, үндэсний шигшээ багийг FIFA, UEFA-гийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй боллоо.
Ингэснээр Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг ирэх сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын тэмцээнд оролцохгүй болж байна. Мөн эмэгтэйчүүдийн шигшээ баг нь энэ зун зохион байгуулагдах Евро 2022 тэмцээнд оролцохооргүй боллоо.
Хоригийн үр дүнд бас Спартак Москва клуб Европын Лигийн тэмцээнээс хасагдаж байгаа юм.
Оросын эрчим хүчний Газпром компанитай байгуулсан ивээн тэтгэлгийн гэрээгээ UEFA цуцалжээ.
“Хөлбөмбөгийн ертөнц нэгдэж, дайнд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаагаа харуулж байна” гэж FIFA, UEFA байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.
“Украины нөхцөл байдал хурдан сайжирч, хөлбөмбөг дахин хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлэгдэл болно гэдэгт хоёр ерөнхийлөгч найдаж байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Оросын хөлбөмбөгийн холбоо FIFA, UEFA-гийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд олон улсын спортын хууль дүрмийн дагуу шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.
Дэлхийн спортын ертөнц сүүлийн өдрүүдэд ОХУ-ын Украинд үйлдсэн түрэмгийллийг эсэргүүцсэн хориг арга хэмжээнүүдийг авсаар байгаа.
Тухайлбал ирэх намар Сочи хотод болох байсан Formula 1 Grand Prix уралдаан цуцлагдаад байна. Дэлхийн бадминтоны холбоо ОХУ, Беларусьт болох бүх тэмцээнүүдээ цуцалж,эдгээр улсуудын тамирчдад улсынхаа далбаа, сүлд дууллыг олон улсын тэмцээн уралдаанд ашиглахыг нь хоригложээ. Олон улсын жүдогийн холбоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг тус байгууллагын хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулж байгаагаа саяхан мэдэгдсэн юм.
Өчигдөр бас олон улсын таэквондогийн холбоо Владимир Путинд олгосон хар бүсийн зэргээ хурааж авах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: BBC
URL: