“Зарим зээлдэгчид хандаж ПиАр-т зарж байгаа мөнгөө зээлийн эргэн төлөлтдөө зарцуулаач гэж хэлмээр байна”

hugliin bank

Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хөгжлийн Банкны зүгээс зээлийг эргэн төлүүлэх үүднээс зээлдэгчидтэй уулзаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм. Үүнтэй холбогдуулан ”Томоохон зээлдэгч нартай уулзаж байгаа юу. Тэдний зүгээс ямар асуудал тавьж байгаа вэ” гэдэг сэтгүүлчийн асуултад тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хариулт өгөв.

Тэрбээр “Бид маш олон уулзалт хийж байгаа. Мөн АТГ манай бүх зээлдэгчийн материалыг хүлээн авсан. Томоохон зээлдэгч нар уулзаад янз бүрийн зүйл ярьж байгаа. Ойрын нэг сарын хугацаанд 60 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийнэ гэдэг аман яриа маягийг зүйл бий. Бид бүх уулзалтынхаа тэмдэглэлийг хөтөлж байгаа.

Ерөнхийдөө томоохон зээлдэгч нар ханшийн хөрвөлт хийе, төгрөгийн рүү хөрвүүлье, хугацаагаа сунгуулъя гэдэг асуудал тавьж байгаа.

Бид муудсан зээлийг хоёр ангилж үзэж байгаа. Нэгдүгээрт, барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, ирээдүйн орлогоо барьцаалсан зээлүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ.

Нөгөө талд зарим зээлдэгч үл хөдлөх хөрөнгө, уурхай зэргээ гаргаж ирж зээлээ төлөх тухай ярьж байгаа. Тэдгээр зээлдэгч нартай арай өөрөөр, бизнесийн зарчмаар гэхдээ тухайн бизнесийг бүтнээр нь Засгийн газрын өмнөөс авах буюу менежментийн өөрчлөлт хийж байж авна гэдэг байдлаар хандаж байгаа.

Харин ямар нэгэн хэлэлцээрт орохын өмнө бид зөрчлөө арилгасан тохиолдолд ширээний ард суугаад ярилцаж болно гэдэг зарчим барьж байна.

Зарим зээлдэгч нар маань бүтээн байгуулалт хийсэн гэдэг мэдээлэл гаргаад байгаа. Банкны зүгээс тэдэнд хандаж ПиАр-т зарж байгаа мөнгөө зээлийн эргэн төлөлтдөө зарцуулаач ээ. Үнэхээр хөгжлийн бүтээн байгуулалт мөн юм бол зөрчлөө арилга. Ингэсэн тохиолдолд банк ПиАр-ыг чинь хийж өгье гэж хэлмээр байна.

Үнэхээр үндэсний компаниуд байгаа. Гэхдээ тэдгээр компаниуд Монголбанкны чанаргүй гэдэг ангилалд орчихсон тохиолдолд бид энэ зээлүүдийг сайн бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа гэж хэлэх нөхцөлгүй болоод байна” гэлээ.


URL: