ОХУ: Донецк болон Луханск Ардын Бүгд Найрамдах Улсыг хүлээн зөвшөөрлөө

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд болсон ёслолын үеэр Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Тэрбээр телевизээр иргэддээ хандан “Удаан хугацааны хоцрогдсон шийдвэрийг гаргах шаардлагатай гэж би үзэж байна. Би Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг даруй хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлажээ.

Владимир Путин энэ шийдвэрийг зарлахдаа Оросын иргэд болон тус улсын бүх эх оронч хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Мөн даваа гарагт болсон Оросын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр Владимир Путин “Украины засгийн газрын цэргүүд гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, Донецк, Луганск мужуудад цохилтоо үргэлжлүүлсээр байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Украин Умард Атлантын эвсэлд нэгдвэл ОХУ-д илүү их аюул заналхийлнэ” мэдэгджээ.

Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Донецк Ард Улсын удирдагч Денис Пушилин, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын удирдагч Леонид Пасечник нартай уулзаж, ОХУ болон хоёр бүгд найрамдах улсын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.

Ёслолын ажиллагаа ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулсан Кремлийн Гэгээн Кэтрин танхимд болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний энэ мэдэгдлийн дараа Цагаан ордны албаныхан даваа гарагт Украины зүүн хэсгийн салан тусгаарлагч хоёр бүс нутагт хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Ерөнхийлөгч Жой Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан байна. Ерөнхийлөгч Жое Байден Донецк, Луганск мужуудад шинээр хөрөнгө оруулахыг хориглосон захирамж гаргана гэж мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус бүс нутгийг хүлээн зөвшөөрсөн нь Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байна хэмээн буруутгажээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен мэдэгдэл гаргаж, Европын холбоо “хууль бус үйлдэл”-д оролцсон хүмүүст хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

 


URL: