Шатахуун импортлогч ААН-үүдэд долдугаар сарын 1-нийг хүртэл үнэ нэмэхгүй байхыг санал болгожээ
Монголбанкнаас уул уурхайн бус экспортын салбар, болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих зорилгоор хоёр жилийн хугацаатай репо санхүүжилтийг 2020 оны арваннэгдүгээр сараас банкнуудад олгож эхлээд байна. Репо санхүүжилтийн хүрээнд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 270 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 30 хоногийн нөөц бүрдүүлэхийг үүрэг болгодог. Харин өнгөрөгч 2021 оны есдүгээр сард үүссэн шатахууны хомстлын улмаас нөөц бүрдүүлэх хугацааг энэ оны нэгдүгээр сараас 45 хоног болгон өөрчилсөн байна.
Улмаар 45 хоногийн нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг болох, дахин хомстол үүсэхээс сэргийлж репо санхүүжилтийг олгож эхэлжээ. Импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс 45 хоногийн нөөц бүрдүүлэхэд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэдэг судалгаа, мэдээллийг танилцуулсан аж. Дахин хүсэлт гаргавал репо санхүүжилтийг олгосоор байна гэж Монголбанкнаас мэдээллээ. Учир нь инфляцад шатахууны үнийн дарамт маш өндөр байгаа аж.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд долдугаар сарын 1-нийг хүртэл үнэ нэмэхгүй байх санал тавьжээ. Тэрбээр энэ талаар “Инфляц Монголбанкны зорилтот түвшнээс дээш гараад байгаа. Энэ зөвхөн Төв банканд тулгарч байгаа эрсдэл биш, дэлхий нийтээрээ л инфляцтай нүүр тулж байна.
Тэгэхээр төв банкны зүгээс инфляцад нөлөө үзүүлж буй гол, гол бүтээгдэхүүн, бараанд нөөц бүрдүүлэхэд санхүүжилтийг олгож байгаа. Инфляц огцом өссөн, савлагаатай үед голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтвортой байвал сайн. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний үнэ нэмэхгүй байхад анхаарах асуудлыг тавьсан. Учир нь ирэх 5-6 дугаар сард инфляц хэвийн түвшинд хүрэх хүлээлт бий” гэлээ.
Шатахуун импортлогч ААН-үүд улсын хэмжээнд 38 хоногийн шатахууны нөөц бүрдүүлжээ.
URL: