Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртэж, нэг хүн энджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, бэртсэний ес нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, долоон хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Өнгөрсөн долоо хоногт хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.
Түүнчлэн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 111, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
URL: