Катманду хотод АНУ-аас тусламж авахыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Катманду хотод АНУ-аас тусламж авахыг эсэргүүцсэн жагсаал боллоо

АНУ-ын Мянганы сорилтын сангаас 500 сая долларын тусламж авахыг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал ням гаригт Балбын нийслэл Катманду хот дахь парламентын ордны гадaa болжээ. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна.

2017 онд тус улсын засгийн газар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой уг тусламжийг авах гэрээнд гарын үсэг зурсан юм. Харин гэрээг парламентаар батлах асуудал Балбын улс төрийн хүрээнд өргөн маргаан дэгдээгээд байна. Парламент гэрээг хоёрдугаар сарын 28-ны дотор батлах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Балбын улс төрийн намууд, эрх баригч нам нь хүртэл дотроо энэ асуудал дээр хоёр хуваагдаад байна. Гэрээг эсэргүүцэгчид АНУ-ын тусламжийг Балбын тусгаар тогтнол, бие даасан байдалд аюултай гэж үзэж буй аж.

Буурай хөгжилтэй орнуудын эдийн засгийг тэтгэж, ядуурлыг бууруулах зорилготой Мянганы Сорилтын Корпорацыг 2004 онд АНУ-ын Конгресс байгуулж байжээ. АНУ-ын засаг захиргаа гэрээг энэ сард багтаан парламентаар батлуулах хугацааг Балбын талд өгч, амжихгүй бол нөхцөлөө эргэж харах болсон тухай тус улсын зарим хэвлэлүүд мэдээлж байна.


URL: