Их Британийн хатан хаан коронавирусийн халдвар авсныг зарлалаа

Их Британийн 95 настай хатан хаан II Элизабет коронавирусийн халдвар авч, хөнгөн хэлбэрээр өвчилсөн тухай Букингэмийн ордон Ням гарагт зарлажээ.

“Өнөөдөр хатан хаанаас коронавирусийн халдвар илэрлээ. Эрхэм дээдсээс ханиадтай төстэй шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч ирэх долоо хоногт Уиндсорын шилтгээнд зарим энгийн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх болно” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тус улсад одоо хэрэгжиж буй журмаар халдвар авсан хүн хамгийн богинодоо таван өдөр өөрийгөө тусгаарлах ёстой байгаа.

Гэхдээ Британийн засгийн газар энэхүү тусгаарлагдах шаардлагыг ойрын үед цуцлахаар төлөвлөж байна.

Хатан хааны хувьд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан тухай өмнө нь Букингэмийн ордноос мэдээлж байсан юм.

Өчигдөр ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй Их Британийн улс төрчид хатан хаанд түргэн эдгэрч, эрүүл энх байхыг хүсэж байгаагаа илэрхийлцгээжээ.

Их Британийн хаан ширээг залгамжлах 73 настай хунтайж Чарльз энэ сарын эхээр хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож байв.

Тэрбээр халдвар авахаасаа хэдхэн өдрийн өмнө хатан хаантай уулзаж байжээ.

Европын язгууртнуудын дотроос Данийн 82 настай хатан хаан Маргрет, Испанийн 54 настай хаан VI Фелип нар саяхан коронавирусийн халдвар аваад эдгэрсэн юм.

II Элизабет нь одоогоор дэлхийн улс орнуудын хаад язгууртнууд дотроос хамгийн өндөр настай, хамгийн удаан төр барьж буй дээдэс болж байна.

Тэрбээр энэ сарын эхээр хаан ширээнд заларсныхаа 70 жилийн ойг тэмдэглэж байв. Цар тахлын нөхцөл байдлын улмаас ойн баярыг цомхон хүрээнд тэмдэглэсэн бөгөөд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд ирэх зургаадугаар сард төлөвлөгджээ.

 

Эх сурвалж: Reuters


URL: