“Ченж” системээс салахгүйгээр инфляцийг зогсоох боломжгүй
Инфляц хаврын тэнгэр шиг аашилсаар 14.6 хувьд хүрлээ. Инфляцийг өрдөж өдөөхөд жин дараад байгаа бүтээгдэхүүн юу, юу байна вэ гэвэл бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг мах, хүнсний ногоо, гурил түүнчлэн өдөр бүр машиндаа хийдэг шатахуун бусад импортын ус, ундааны бүлгийн барааны тээврийн зардал өссөн нь голлон нөлөөлөөд байна. Үүн дотроо мах дангаараа инфляцийг өдөөхөд 20-30 хувийн нөлөөлөл үзүүлээд байгаа юм. Уг нь бид махаа дотоодоосоо хангадаг, энэ утгаар үнийг тогтвортой барих гэж “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөр орлуулах гэж үзсэн ч чадахгүй байна. Учир нь махны зах зээлийг ченжийн системээр зохицуулдагаас болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хариуцдаг яам нь ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотойг зах зээлийг ажиглагчид болоод эдийн засагч Г.Батзориг хэлж буй юм. Бүр тодруулбал, махны бэлтгэл, нийлүүлэлтийн өртгийн бүтэц нь таван ченжийн оролцоотой байна. Жижиглэнгээс бөөний цэг хүртэлх бүх дамжлага ченжийн оролцоотой. Хамгийн эмгэнэлтэй нь нөөцийн махыг отож байгаад их хэмжээгээр дарчихдаг. Нэг үгээр хэлбэл, манай махны зах зээл эко систем муу, бараг байхгүй гэж хэлж болно. Гэтэл гадаад зах зээлд хот болгон нь “веб хаус”-тай. Тэндээ махны гарал үүсэл, өртгийн бүтцийг тодорхой байдлаар зохион байгуулж эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг эко систем сайтай байх жишээтэй. Гэтэл манайд эсрэгээрээ анхны зах зээл нь Хятадын ченжүүдийн мэдэлд байдгаараа мах хэмээх бүтээгдэхүүний үнэд савлагаа үүсэж “мах магнаг” болох эхтэй. Түүнчлэн үнэн, худал нь мэдэгдэхгүй малын халдварт өвчин нэрмээс болсоор. Ковидын үед орж ирээгүй өвчин хил нээх үеэр зэрэгцэж орж ирсэн нь цаанаа хэн нэгний бизнес үү гэх хардлага төрүүлсээр. Энэ мэт хүчин зүйлээс махны үнэ өсөхөд нөлөөлж улмаар инфляцийг услаад байгаа юм. Тэгэхээр инфляцийг бууруулах суурь асуудал нь инфляцид өндөр жин эзэлж буй махны зах зээлийг цэгцлэх асуудал хөндөгдөж байна.
URL: