С.Амарсайхан: Халдварын эрсдэл огт байхгүй боллоо гэсэн үг биш. УОК, ЭМЯ бэлэн байдлыг хангаж ажиллана
Өнөөдрөөс Монгол Улс цар тахлын хязгаарлалтыг цуцалж байгааг Засгийн газар зарлалаа. Харин УОК, ЭМЯ болон холбогдох бусад байгууллага өмнөх шигээ хэвээр ажиллах юм байна.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: “УОК-ын үйл ажиллагаа цалгардаж, удааширч болохгүй. Бид өөрсдөө “Шар” түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлаас өдөр тутмын бэлэн байдал руу шилжиж буй асуудал биш. Эдийн засгийн салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэдийн эдийн засгийг сэргээхтэй холбоотой төр засгийн бодлого, шийдвэр гарч байгаа.
Түүнээс халдварын эрсдэл огт байхгүй боллоо гэсэн үг биш учраас УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, аймаг, нийслэлийн удирдлагууд, холбогдох төрийн захиргааны байгууллагууд өмнөх шигээ уялдаа холбоотой байж, бүх шатанд бэлэн байдлыг хангаж ажиллана.
УОК-ын шуурхай штабт нийслэл, тагнуул, эрүүл мэнд, цагдаагийн байгууллага гээд бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл ажиллаж буй.
Манай машинууд дайчлагдсан байгаа. Ямар нэг байдлаар ажилтан, албан хаагчдаа татах, дайчилгаанд байгаа машин тэргийг дур зоргоороо татах асуудал УОК-ын гишүүд болон холбогдох байгууллагын удирдлагуудад байж болохгүйг хатуу анхааруулъя” гэв.
URL: