Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар орно

Нийслэлд жил бүр 20 мянга орчим оюутан хөдөө орон нутгаас ирж байна

Их, дээд сургууль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-ноос цахимаар эхэлсэн.

Харин танхимын сургалтыг нь хоёрдугаар сарын 28-наас эхлүүлнэ хэмээн өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэж байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг огноог өөрчилжээ. Тодруулбал, их, дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингэснээр хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтыг танхимд бүрэн шилжүүлэхээр болов.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Коронавируст халдварын оргил үе буурсан гэж УОК болон Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа ч гэсэн зарим улс оронд Омикрон хувилбараар өвчилсөн иргэд дахин өвчилж байгаа тохиолдол олноороо бүртгэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг УОК, Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа” гэв.


URL: