Хөгжлийн банкны адал явдал

hugliin bankХөгжлийн банкнаас нэр бүхий баагийнууд их хэмжээний зээл аваад “луу унжиж” байгаагаас тус банк дампуурсан тухай хэрүүл маргаан дэгдэв. МАН мэдэгдэл гаргаж: “зээл аваад эргүүлж төлөөгүй  баагийнуудыг нам ялгалгүй шийтгэнэ” гэв. Нийгмийн сүлжээгээр зээл авсан луйварчдыг янз бүрээр буюу нам намаар нь зарлаж эхлэв. Энэ асуудал аль хэдийн улс төрийн өнгө аястай болжээ. Харин Хөгжлийн  банкны намтар түүхийг мэдэх хүн бараг үгүй. Энийг мэдэхгүйгээр эл асуудлыг ярих боломжгүй. Намайг, бас А.Баатархуяг, Г.Уянгыг банкны дээрэм бичих болгонд луйварчид сүрэглэн харааж зүхэх бөгөөд олон нийт огт тоодоггүйг би сайн мэднэ. Ингээд монголчууд “сайн дураараа” дээрэмдүүлж, “огт тоохгүй” явсаар 30-аад жил болсон бөлгөө. Одоо эрхбиш энэ тэнэг зангаа орхих цаг болсон гэж бодож байна. Учир нь банк дампуурсны хохирлыг ард түмэн Та бид төлдөг юм. Юу ч гэсэн үүнийг эхлээд уншчих…

Эхлэл

Бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банк байгуулах ажил эхлэв. Улсын банк байгуулах нь угаасаа буруу явахын цондон байв. Гэлээ ч гэсэн “төвлөрүүлэн идэх” хүсэл бүхнээс хүчтэй учир байлаа:

2010.07.20. Засгийн Газар Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргав.

2011.02.10. УИХ Хөгжлийн банкны тухай хууль батлав. Зорилгыг нь: МУ-ын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд” гэж тодорхойлов. Эндээс Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр төсвийн болон уул уурхайн салбарын орлого, бондын хөрөнгө 3-аас бүрдэх нь тодорхой байлаа.

2011.03.15. ЗГ-ийн 85-р тогтоолоор 800 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрөв. Эндээс эхлэн бонд гаргаж, мөнгө олох уралдаан үе үеийн ЗГ-ийн “хамгийн дуртай ажил” болон хувирав.

2011.05.12. Хөгжлийн банк албан ёсоор нээлтээ хийв. ЗГ хэрэгжүүлэх 26 бүтээн байгуулалтын жагсаалт гаргаснаа зарлаж, энэ ондоо 4 төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ гэж мэдэгдэв. Мөн Хөгжлийн банк эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийг бондын арилжаанаас босгоно гэдгээ Сангийн сайд С.Баярцогт бахархан дурдав. Гэвч энэ нь дэндүү дэврүүн бөгөөд дэндүү их эрсдэл байсан бөлгөө. Өөрөөр хэлбэл манай улсын ДНБ-ний 9,8%-тай тэнцэх хөрөнгийн баталгааг ЗГ-аас Хөгжлийн банкинд гаргаж өгсөн хэрэг байлаа.

2011.08.30. Монголын Хөгжлийн банк, Солонгосын Хөгжлийн банк “Удирдлагын гэрээ” байгуулсны үндсэн дээр солонгосын 5 мэргэжилтэн ирж Хөгжлийн банкинд ажиллах болов. Хөгжлийн банкны захирал нь Ким Жан гэх солонгос, дэд захирал нь Л.Болормаа болжээ.

2011.11.30. 600.0 сая $-ын “Дунд хугацааны евро бондын хөтөлбөр”-ийг эхлүүлж, эхний ээлжинд 20.0 сая $-ын өрийн бичгийг олон улсын зах зээлд арилжаалав.

2012.03 сар. 580.0 сая $-ын бондыг олон улсын зах зээл дээр 5.75%-ийн хүүтэйгээр арилжаалав. Энэ үед 300 гаруй хөрөнгө оруулагчдаас нийт 6.25 тэрбум $-ын захиалга ирэв.

Хөгжлийн банк байгуулах ажил Сү.Батболдын ЗГ-ын үед эхэлжээ. Өөрөөр хэлбэл 2009.10.29-2012.08.09-ны хооронд болсон үйл явдал Сү.Батболдод хамаарна. Хаа очиж Сү туучий Хөгжлийн банкнаас идэж уусан баримт цөөн. Яахав, “дөнгөж эхлэн идэж” байсан байж магад. Хүнийг шүүмжилж болох ч гүтгэж болохгүй. Сү туучий яг банк байгуулаад, “Евро” бонд гаргаад “янзтай сайхан” эхэлж байтал 2012 оны сонгуулиар МАН ялагдаж хамаг юм “будаа” болов. Сү туучий идье гэж бодсон ч идэж амжаагүй юм. Ингээд засаг төрийн эрх мэдэл АН-д шилжиж, Н.Алтанхуягийн эрин үе эхлэв.

Бондын мөнгийг богцоо дүүргэв

Ингээд “дарга” МАН “туслах нам” болж, “туслах” АН “дарга нам” болов. Засгийн эрхийг “Шударга ёс” эвсэл барих болов.

2012.11.29. Н.Алтанхуяг 08-р сард Ерөнхий сайд болмогцоо хийсэн анхны ажил нь “Чингис бонд” гэж алдаршсан урт хугацааны өрийн бичиг буюу бонд гаргасан явдал байв. Сингапурын хөрөнгийн биржид бүртгүүлж, нийтдээ 1,5 тэрбум $-ын өрийн бичгийг 4,1-5,1 хувийн хүүтэй арилжаалав.

2012.12.16. Монгол улсын Хөгжлийн банк 10 жилийн хугацаатай 1.52 хувийн хүүтэй 30 тэрбумын иены “Самурай бонд”-ыг арилжаалав.

Энэ асар их мөнгийг идэж уух уралдаан тэмцээн, хэрүүл хараал монголын улс төрийг тодорхойлох болов.

2013.05.25. Монголын ЗГ “Удирдлагын гэрээ”-г дуусгавар болгож буюу солонгосуудыг “хөөж явуулаад” өөрсдөө Хөгжлийн банкаа удирдах болов. Одоо бүр санаа амар. Гадаад хүн мөнгө өм цөм идэхээс “айгаад” хөдөлж өгөхгүй байсан тул мөнгө идэх “зориг зүрхтэй”, “юунаас ч айж халшрахгүй”, “цөм иддэг” монголчууд уг банкыг “удирдахаар” болов.

Тухайн үедээ: Хөгжлийн банк ЗГ-ын шууд хяналт дор ажиллах бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо байнгын хяналт тавина гэж ам бардам хариулж байлаа. Энэ бол Хөгжлийн банкыг ганцхан ЗГ мэдэх ба түүнийг шууд удирдана гэсэн хэрэг байлаа. Мань мэт нь ганц нэг цор цор гэсэн боловч манайхан “хөгийн муу хөгжлийн саад тотгор”, “чи муу судлах юмаа л судал” гэж загнаад огт тоогоогүй бөлгөө. МУ яг сайхан хөгжих гэсэн чинь нэг муу судлаач саад болсон аж…

Энэ цагаас эхлэн Хөгжлийн банк онцгой эрх мэдэлтэй болж, ЗГ-ийн даалгавраар өрийн бичиг баруун солгойгүй “үйлдвэрлэдэг” сайхан ажилтай болж авав.     

Шинэ ЗГ гармагцаа л бонд гаргадаг болсон ба монголчууд засаг төрийнхөө гаргасан бондын мөнгөн дүнг байтугай “үй түмэн” бондынхоо нэрийг хүртэл хольж хутгадаг буюу мартчихсан тууж яваа. Үнэн тэнэг, мангуу, гөлийсөн, цайрчихсан ард түмэн шүү дээ, манай монголчууд…

Иймээс би монголчуудад бонд гэж өхөөрдөн нэрлэсэн өрийн бичгийн чинь түүхийг товч сануулж байна:

2012 онСү.Батболдын үед 600 сая $-ын “Евро” бонд

2012 он: Н.Алтанхуягийн 1,5 тэрбум $-ын “Чингис” бонд

2013 он: Н.Алтанхуягийн 30 тэрбум иений “Самурай” бонд

2015 он: Ч.Сайханбилэгийн 1 тэрбум юань буюу 160 сая $-ын “Дим Сам” бонд

2016 он: Ч.Сайханбилэгийн 500 сая $-ын “Мазаалай” бонд

2017 он: Ж.Эрдэнэбатын 600 сая $-ын “Хуралдай” бонд

2017 он: Ж.Эрдэнэбатын 800 сая $-ын “Гэрэгэ” бонд

2018 он:  Хөгжлийн банкны 500 сая $-ын бонд

2019 он:  Ипотекийн зах зээл дээр ажилладаг“МИК ОССК” буюу МИК-ийн 250 сая $-ын бонд.

2020 он: У.Хүрэлсүхийн 600 сая $-ын “Номад” бонд…

Товчлон хэлбэл МУ 2012-2020 оны хооронд 10 бонд буюу жил тутам 1 “шинэ” бонд гаргасан байна. Энэ “солиотой” их мөнгө ЗГ-ийн мэдлийн Хөгжлийн банкаар дамждаг байсныг харгалзвал тэнд ямар гээчийн бузар луйвар болдог байсныг төсөөлж болно.  

Дээрэм хийхэд ухаан ордоггүй

Банк дээрэмдэхэд аймаар их ухаан, тэвчээр, зориг, хөдөлмөр ордог гэж олон монгол баагий боддог. Банк дээрэмддэг кино үзсээр байгаад ийм гажигтай болчихсон байх. Үгүй ш дээ. Үүний тулд эхлээд улс төрч байх хэрэгтэй. Ер нь бол Ерөнхий сайд, Сангийн сайд 2-той үй зайгүй дотно байх хэрэгтэй.

Банк ярих гэж байхад бонд ярилаа гэж загнах гэж байна уу ?! Эрхэмүүд ээ, томчуудын иддэг уудаг мөнгө чинь бондоос гардаг, харин бонд нь Хөгжлийн банкинд төвлөрдөг учраас би ийнхүү тоочоод байгаа юм.        

Өрийн бичиг гаргаж мөнгө олно, баахан төсөл, хөтөлбөр зарлана, мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулан тараана, аль төсөлд хэр мөнгө өгөх шийдвэрийг Хөгжлийн банк биш, ЗГ, тухайлбал Ерөнхий сайд, Сангийн сайд шийднэ, мөнгө дуусахаар буюу өмнөх бондын мөнгийг төлөх хугацаа болохоор ахиад шинэ бонд гаргана. Ингээд мөнгө байхгүй, МУ-ын гадаад өр гэж үстэй толгойноос их. Хөгжлийн банкны мөнгийг “үзвэл үнс, харвал хальс” болно.

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргив

Хөгжлийн банкны асуудал хэдэн компани, улс төрчид зээл авч, төлөөгүйгээс болж баригдсанаас дөнгөж саяхан үүссэн гэж бодоод байх шиг. Үгүй л дээ…

2011.08.08. Хөгжлийн банк байгуулагдаад ердөө 3-хан сарын дараа дампуурлын ирмэгт тулж иржээ. Энэ инээдэмтэй бөгөөд эмгэнэлт мэдээг тэр үед сайд байсан Х.Баттулга ТВ-ээр бухимдан ярьж, тус банкны дэд захирал асан Болормаа сандарч будилан батлаж байв. Энэ бол Хөгжлийн банкны дампуурлын талаарх анхны мэдээ болно. “Мордохын хазгай” гэж энэ л дээ…

Бондын мөнгө идэхэд хүртэл онигоотой явдал их гарна. Жи: Хөгжлийн банк Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зөвшөөрсөн, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийнхээ 19.2 хувь буюу 5.7 тэрбум иен (55.7 сая ам.доллар) суутгуулжээ. Авсан зээлийнхээ бараг 20%-ийг буцаагаад суутгуулдаг банк ганцхан Монголд л байдаг ба ингэхээр чинь сөнөх нь гарцаагүй юм.

Уг нь санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг УИХ баталдаг хуультай санаатай. Гэтэл Хөгжлийн банк УИХ-ыг алгасан зөвхөн ЗГ-ын тогтоолоор санхүүжүүлдэг “шинэ дүрэм” зохиож, энэ нь цаашдаа ЗГ, Ерөнхий сайдуудын “ёс заншил” болон хувирав. Тэр ч байтугай Хөгжлийн банк толгой даан шийдвэр гаргах болов. Жи: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг ЗГ-ын тогтоолгүйгээр олгож байжээ. Гэхдээ Ерөнхий сайд, Сангийн сайдын аман тушаалгүйгээр ингэж зүрхлэх нь юу л бол ?! УИХ-ыг бол ярих ч юм байхгүй, хуц гээд л болно. Тэртэй тэргүй нөгөөдүүл нь мөнгө гуйгаад ирэх юм чинь, яршиг л байна…

Төрийн өмчийн ямар ч байгууллага ширээ, сандал, компьютерээс эхлээд бүх юмаа тендер зарлаж авах ёстой, хуультай. Гэтэл шинэ тутам байгуулагдсан Хөгжлийн банкыг “өрөвдөж”, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай (ТБОНӨХБАҮХАТ) хуульд  “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж зааж өгсөн нь удалгүй гай болов. Энэ нь ширээ, сандал, компьютер мэтийн өөрөө хэрэглэх зүйлээ тендергүй авч болно гэсэн заалт гэж ямар ч хүн ойлгоно.

Харин Хөгжлийн банк ингэж ойлгосонгүй, харин ч мөнгөн зээл олгох бүх үйл ажиллагаагаа тендергүй явуулах “онцгой эрх” гэж “ойлгожээ.”  Улмаар ЗГ, Хөгжлийн банк нээлттэй тендер шалгаруулахаа больж, хэнд мөнгө өгөхийг “үзэмжээрээ шийдэх” дархан эрхтэй болжээ.

Энэ тэнэг явдал улам даамжирч, төсвийн захирагч нар “өөрөө дур мэдэн” гүйцэтгэгчийг “сонгодог” болжээ. Ингээд бондын мөнгөөр гараа угаах “уралдаан” өрнөж, замбараа задгаа бүрэн алджээ.

Жи: 2015 он гэхэд Чингис бондын нийт санхүүжилтийн 50% буюу 1,1 их наяд төгрөгийг эргэн төлөгдөх баталгаагүй авто зам, “Гудамж төсөл”, УБ хотын дэд бүтцийн төсөлд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, бондоос бүрдүүлсэн хөрөнгийн 62%-ийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулжээ.

Монголд зам барих ажил энд тэндгүй өрнөж, огт шаардлагагүй, хэрэггүй шахам газар зам барьж, тохижилт хийх болов. Заримдаа зүв зүгээр байсан замыг эвдэж, дахин шинээр барих “тэргүүн туршлага” нэвтрүүлэв. Чанаргүй зам гэж тамтгаа алдсан.

Хөгжлийн банк бүр даварч бондын мөнгөнөөсөө үнэт цаас болгон байршуулах болов. Лав л 250 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас байршуулсан юмдаг. 15%-ийн хүүтэй ЗГ-ийн үнэт цаасны оронд 1 оронтой хүүтэй үнэт цаасанд бондын эх үүсвэрийг байршуулснаар зөрүү нь аймаар гарах нь мэдээж. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк санаатайгаар алдагдал хүлээж байна.

2012.12.18Чингис бондын менежментийг Монгол банкинд шилжүүлэв. Ингэснээр Хөгжлийн банк 302.6 тэрбум төгрөгийн ханшийн эрсдэл хүлээх болов. Үүнийг ойлгомжтой тайлбарлавал ЗГ бондоо доллараар босгосон бөгөөд МБ-нд шилжүүлэхдээ төгрөгөөр олгосон ба эндээс ханшийн асар зөрүү гарч их хэмжээний алдагдал хүлээх болов.

Сүүлдээ ЗГ-ийн бондууд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүд холилдож, зааг ялгаа нь алга болов. Та нар манай бондыг өөр зүйлд зарцуулаад байна гэсэн сануулга Японоос байн байн ирэх боловч энийг нь тоодог баагий ганц ч байсангүй.

Зээлийг хаа хамаагүй баруун солгойгүй олгох болов. Жи: Хөгжлийн банк Чингис бондын хөрөнгөөс Зайрмагийн үйлдвэрийн төсөлд 1,4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Яахаараа зайрмагийн үйлдвэр стратегийн үйлдвэр болсныг хэн ч тайлбарлаж  чадахгүй.

Ингээд хаа хамаагүй зүйлд цацаад байхаар мөнгө ус шиг урсах болов. Нэг мэдсэн чинь 2016 он гэхэд Хөгжлийн банкны олгосон зээлийн 60% гаруйг сонгон шалгаруулалтгүйгээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр өгсөн байжээ.

Нохойн замаар оров

ЗГ болон Хөгжлийн банкны 10-аад жилийн “адал явдлыг”, үнэндээ бол хулгай дээрмийг ярих гэвэл цаас цаг хүрэлцэхгүй. Иймээс би зарим томоохон бөгөөд онигоотой адал явдлыг түүвэрлэн хүргэж байна.

Эрдэнэс Таван Толгойн эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх гэж зээл олгов. Ийнхүү Монголд “стратегийн хөрөнгө оруулалт” гэдгийг “эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх” гэж “ойлгох” болжээ. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд монголчуудын оруулсан “шинэ нээлт” гэж үзэж болно.

Хөгжлийн банкнаас зээл авсан ТОСК Буянт Ухаа I, II төслийг, “Пи Ай Эм Эм” ХХК Шинэ яармаг хорооллыг барьж эхлэв. Гэтэл ТОСК-ын “Буянт Ухаа I, II” төслийн 1 м.кв нь 1300.0 мян.төгрөг бол “Пи Ай Эм Эм” ХХК-ын 1 м.кв нь 2500.0 мян. төгрөг болов. Асар их зөрүү байгаа биз ?! Энэ 2 компани Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөлгөө.

Хөгжлийн банк Хөрөнгийн бирж болон МИАТ ХХК-д онгоц худалдан авах мөнгийг “стратегийн зээл” нэрээр олгов. Хожим нь МИАТ-ын зээлийн төлбөрийг Сангийн яам даасан юм.

ТТ-н ЦС-ын төсөлд техникийн болон санхүүгийн зөвлөгөө авахад 4,3 тэрбум төгрөг олгосон боловч ЦС одоо болтол баригдаагүй, харин мөнгө нь “газрын гаваар” оров. Эгийн голын УЦС-ын судалгаа, зөвлөгөөний төсвийг 18,1 тэрбум төгрөгөөр батлуулж, үүнээс 3,1 тэрбум төгрөгийг олгов.

Хамгийн дургүй хүрмээр нь бондын хөрөнгөөр цалинжуулж буй бүх төслийн ажилтнуудын цалин төрийн албан хаагчдын цалингаас даруй 4-5 дахин их болов.

Тэр ч байтугай тусгай зөвшөөрөлгүй “шинэ” компаниуд бондын төсөлд зөвлөгөө өгөх, хяналт тавих, аудит хийх “сайхан ажил” олж авдаг болов. Бондоос зээл авсныхаа дараа тусгай зөвшөөрлөө олж авдаг, техникийн нөхцөл, зураг төсөвгүй, ТЭЗҮ нь бэлэн болоогүй төслийг эхлүүлдэг “шинэ моод” дэлгэрэв.

Гудамж төслүүд замбараа задгаа бүрэн алдав. Жи: Архангай аймагт “Гудамж төсөл” хэрэгжүүлж, 3.2 км автозамыг 4,6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт яг ийм ажлыг 10.0 тэрбумаар гүйцэтгэх болов.

Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэхгүй, түүнээс гадуур явдаг болсон нь гэмт хэрэг үйлдэх бүх нүх сүвийг нээж өгчээ. Энэ нь ЗГ, Сангийн яам, Хөгжлийн банк 3-ыг дархан эрхтэй болгож, ямар ч  хяналтгүйгээр идэж уух бололцоо олгосон аймшигт гэмт хэрэг юм.   

Хөгжлийн банкны орон тоо 63 байх ёстой атал 113 болж эрс нэмэгдэв. Хөгжлийн банк бондын эх үүсвэрээс 1 тэрбум төгрөгийг ажилтнууддаа хөнгөлөлттэй зээл болгон олгожээ. Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага 6-10 сая төгрөгийн цалинтай, дээрээс нь улирал тутам цалингийн 100 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшуулал авдаг болов.

Хөгжлийн банк 1 удаа хэвлэлийн хурал хийхдээ 9,6 сая төгрөг зарцуулжээ. Уг нь Зууны мэдээний хэвлэлийн танхим цагийн 150 мянган төгрөг байдаг. Мөнгөөр гараа угаана гэж үүнийг хэлдэг юм.

Хөгжлийн банк ажлаа “хялбаршуулах” болов. Хуучин зээлийн материалыг Зээлийн хорооны хурлаар ёс төдий батлуулдаг байсан бол сүүлдээ зөвхөн “батлах хуудас” бичиж зээл олгодог болжээ.

Хөгжлийн банкны бондын чөлөөт эх үүсвэр болох 1,3 их наяд төгрөгийг  арилжааны банкуудад харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулжээ. Жи: Голомт банкинд 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон боловч нөгөөх нь зээл авмагцаа ҮХАА-н яамны төслүүдийг зогсоожээ.

Бондын мөнгөний хадгаламжийн дийлэнх хувийг ХХБ, УБ, Голомт 3-хан банкинд байршуулжээ. ХХБ, УБ хотын банкинд байршуулсан төгрөгийн хадгаламжийн хүү бусад банкуудад байршуулсан хүүнээс даруй 2,5-3,0 пунктээр бага байжээ.

Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн авто зам 60 км” төсөлд удаа дараа болон давхардуулж авсныг тооцвол 60 км замыг 24.5 тэрбум төгрөгөөр барих тооцоо гарч байв.

“Халзанбүргэдэй-Солонготын давааны авто зам 100 км” төслийн ажил 38 хувьтай байхад шинэ зам барих нэрийдлээр 43,6 тэрбум төгрөгийг Монроуд ХХК-нд нэмж олгожээ. Энэ бол зүгээр л шууд луйвар юм.

Энд дурдсан бүхэн Хөгжлийн банкны адал явдлын тун өчүүхэн хэсэг боловч тэнд хурсан  замбараагүй, заваан хулгай дээрмийг харуулахад хангалттай гэж санана.

Метафор буюу хувирлын механизм

Хөгжлийн банкны адал явдал 6 ЗГ-ыг дамжин 10 жил үргэлжилжээ. Энэ хооронд асар их хувирал өөрчлөлт болж, улс төрийн хэрүүл тэмцлийн талбар болон хувирсан байна. Энэ метафор буюу хувиралд анализ дүгнэлт хийх нь судлаач хүний үүрэг юм.

Сү.Батболд Хөгжлийн банкыг 2011.05.12-нд байгуулжээ. Тэгээд “Евро” бонд гаргаад зарж байтал 2012.06.28-нд болсон УИХ-ын сонгуулиар МАН ялагдаж, АН-ын тэргүүлсэн “Шударга ёс” эвсэл засгийн эрх барих болов. МАН 1 жилийн дотор “олигтой” идэж ууж “амжсангүй”…

Ингээд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Чингис, Самурай бондууд дараалан гаргаж, мөнгө тараадаг “өвлийн өвгөн” болон хувирав. Хөгжлийн банк бондын мөнгийг мэдэх болж, ЗГ, Сангийн сайдын шийдвэрээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болжээ. 1,5 тэрбум $-ын Чингис бонд, 30 тэрбум иены “Самурай” бондыг 2 жилийн дотор “оргүй цэвэрлэв”. Энэ бол бондын мөнгө хурдан үрсэн талаараа гиннессийн номонд орох үзүүлэлт юм. Бондын мөнгөөр яаж туйлсныг би дээр нэн тодорхой тоо баримтаар өгүүлсэн. Н.Алтанхуягийн дураараа үрэлгэн зан юуны өмнө МАН-ын, түүний дотор ЗГ-ын бүрэлдэхүүнд байгаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын дургүйг хүргэжээ.

Олон хүн Н.Алтанхуягийн ЗГ огцорсон шалтгааныг улс төрийн талаар тайлбарладаг ч гол шалтгаан нь эдийн засгийн, тухайлбал бондын мөнгийг “ганцаараа”, “шударга бус” хуваарилсан явдал байв.

Ингээд ЗГ дотроос урвагчид гарч, МАН-АН-ын “нэгдсэн хүчээр” Н.Алтанхуягийг онхолдуулж, Ч.Сайханбилэгийн ЗГ бүрдэв. Одоо бол МАН, АН хоёр “хамтран идэх” талаар тохиролцож чадав. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягаас юугаараа ч дутахгүй гэдгээ нотолж, “Дим сам” бонд, “Мазаалай” бондыг дараалан гаргаж, Хөгжлийн банкаар тоглож эхлэв. Улмаар Ц.Элбэгдоржийн идэвхитэй дэмжлэгээр Дубайн гэрээг байгуулж, Эрдэнэтийг дээрэмдэх ажил хийв. Энэ нь МАН-ын дургүйг хүргэжээ.

Дараа нь Ж.Эрдэнэбатын ЗГ удаалав. Энэ нь МАН доторхи М.Энхболдын болон бусад бүлэглэлийн зөрчлийг гааруулжээ. Ж.Эрдэнэбат асар богино хугацаанд амжиж “Хуралдай” бонд, “Гэрэгэ” бонд гаргав. МАН-ын дотоод зөрчлөөс шалтгаалан Ж.Эрдэнэбатын ЗГ унаж, У.Хүрэлсүхийн ЗГ бүрэлдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар “Номад” бонд гаргав.

Монгол Улсын Засгийн Газруудын түүх бол бонд гаргаж, идэж уусан, “агуу” авилгын түүх юм. Харин бондын түүх бол ЗГ-ын шийдвэрээр Хөгжлийн банк дураараа дургиж, авилгадсан түүх юм. Хөгжлийн банк оршин тогтносон 10 жилийн дотор түүнийг 6 ЗГ  дараалан “удирдаж”, угсран “мөлжиж”, бондын мөнгөөр туйлсан учраас тус банк ядарч туйлдан унах нь зүй ёсны хэрэг. Энд МАН, АН хоёр аль аль нь буруутай. Тэр нам эхэлж идсэн, тэр нам илүү их идсэн гэж ярих утгагүй бөгөөд ингэж яривал улс төрийн хоосон хэрүүл болно.             

Эдүгээ Хөгжлийн банктай холбоотой маргаан будлиан ид дэгдэж байна. Энэ удаад сүүлийн хэдхэн жилд Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлж төлөөгүй компани, хувь улс төрчдийг л ярьж байна.

Өөрөөр хэлбэл 2019 онд У.Хүрэлсүхийн ЗГ-аас Хөгжлийн банкийг шалгасан дүнг л ярьж байна. Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж бөгөөд шалгалтын дүгнэлт материалаа АТГ-д 2019.05.24-нд шилжүүлсэн юм. Өнөөдөр бараг бүгдээрээ хамгийн сүүлчийн энэ баримтыг л ярьж байна. Харин би ганцаараа өмнөх түүхийг нь сөхөж, сануулж байна.

Хөгжлийн банкны асуудлыг зөвхөн сүүлийн хэдэн жил авсан зээлээ төлөөгүй баримтаас гадна идэж ууж, авилгадаж, дураараа дургисан 10 жилийн хулгай луйврыг оролцуулж цогцоор нь шийдвэрлэх нь шударга ёсны үүднээс ч, хууль зүйн үүднээс ч амин чухал.

Гэвч улс төрийн тодорхой зорилгын үүднээс өмнөх бүх хулгай, луйврыг мартагнуулж, зөвхөн сүүлийн үеийн баримтаар асуудлыг шийдэх гэж оролдож тун ч магадгүй юм. Хэрэв ийм “нуун дарагдуулах” оролдлого хийх аваас  би тэр нуугаад байгаа баримтуудыг чинь гаргаад ирж чадна гэдгээ эртхэн шиг хэлчихье.

Хөгжлийн банкны түүх бол Монгол Улсыг хөгжүүлэхгүй гэсэн хур гэмт хэргийн түүх болой…   

Судлаач Х.Д.Ганхуяг


URL: