Г.Занданшатар: Монгол Улсын 465000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна

FB_IMG_1643626123898

УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгээ Та бүхэнд хүргэе. Мэргэн оюундаа тунгаана уу.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлснээр ийнхүү өндөрлөж байна.

Ээлжит бус чуулганаараа бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар, Засгийн Газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулиудыг баталснаар Монгол Улсын 465000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна.

Цар тахлын дэгдэлт улсын маань эдийн засаг, ард иргэдийн маань амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж, төр засгаас эхлээд түмэн олон хүртэл хэмнэлтийн горимд шилжиж, бидний хүсэл зоригоос үл хамаарсан хязгаарлалтын дэглэмд ажиллаж, амьдарч байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар энэ шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийн хэрэгжилтэд нийт 637 тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлэх юм. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 2022 онд төсвийн урсгал зардлыг 15,4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг зардлаа багасгаж, бүсээ чангалан ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргалаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500000 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400000 төгрөгт хүргэж байна. Энэ хууль 2 дугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих болно. Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа 2-р сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг олгож эхлэх учраас үүнээс өмнө хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу УИХ-ын гишүүд болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн шахуу хугацаанд, ажил хэрэгчээр, амралтын өдрүүдэд ч хуралдаж хуулийг эцэслэн баталлаа. Ийнхүү Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө азай буурал ахмадуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлын нөлөөллөөс үүдсэн үнийн өсөлт, бусад сөрөг хүчин зүйлсээс амьжиргааг нь хамгаалах шийдвэр гаргасандаа УИХ-ын гишүүд баяртай байна.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газар хамтдаа нэгэн зүгт чиглэсэн, нэгдмэл бодлогоор, нийтлэг эрмэлзлэлийн үр дүнд биеллээ олж буйг онцлон тэмдэглэе. Түүчнлэн энэ чухал шийдвэрийг тал бүрээс нь богино хугацаанд, нухацтай хянан хэлэлцэж, ажил хэрэгч байдлаар хандсан УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.

Монголын төр ямар ч цаг үед азай буурал ахмадуудынхаа ачийг мартаж болохгүй. Өтгөс буурлуудаа асран тэтгэж, үйл хэргийг нь хүндэтгэн дээдэлдэг нь монголын ард түмний дэлгэр ёс, нандин уламжлал билээ. Тэдэнтэйгээ ямагт хамт байж, дэргэдээс нь дэмжин тусалж, сургаал зөвлөмжийг нь сонсон хэрэгжүүлж байх нь бидний журамт үүрэг юм. Учир нь ахмадууд бол уншиж дуусашгүй ном судар, ухаан эрдэм, туршлага мэдлэгийн яндашгүй далай мөн. Тэд эх орныхоо хөгжилж цэцэглэлт, монгол айл өрх, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө халуун залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж, өнөөгийн Монгол Улсыг цогцлоосон ачтанууд юм. Ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалж, идэвхтэй, эрүүл, урт наслах боломжийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, тав тухтай, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь сайжруулахад монголын төр засаг цаашдаа ч анхаарах болно. Цаашид УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд болон бусад гишүүдийн хэлж байгаачлан үнийн өсөлтийг хязгаарлаж, нэн ялангуяа өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх тухай бодлогын шийдвэр гаргаж ажиллах шаардлагатайг Засгийн Газар, ХХААХҮЯ онцгой анхаарахыг хүсье. Түүчнлэн тэтгэвэр тэтгэмжийн өсөлтийг дагаад хуурамч сургаар үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх хатуу чиглэл баримталж ажиллахыг хувийн хэвшлийн салбарынхан, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид та бүхэндээ уриалж байна. Азай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалт сар шинийн баяр хаяанд ирсэн энэ цаг үед дээрх чиглэлийг бүх талаар анхаарч ажиллахыг дахин уриалъя.

Үхэр жилийн босгон дээр бид ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн арга хэмжээгээ бар жилийн босгон дээр тэтгэврийг нэмэгдүүлсэн энэхүү шийдвэрээр үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Ахмадууд та бүхний маань бие тэнхлүүн, ухаан цэлмэг, ажил үйлс, буян заяа нь ямагт өөдлөн дэвжин, урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Монголын нийт ард түмэн та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Буян үйлдэгч хэмээх Усан бар жилээс эхлэх Монгол орны шинэ сэргэлт, сэргэн мандалтын төлөө хамтдаа зүтгэцгээе.


URL: