Монгол Улс “хүнсний бие даасан байдал алдагдсан” ангиллаасаа гарч чадсангүй
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал буюу монголчуудын идэж байгаа “хоол” эрүүл, баталгаатай юу гэдэг нь нэг номерын асуудал. Үнэндээ хүнсний бие даасан, аюулгүй байдлын дэргэд бусад нь 100-дугаарт эрэмбэлэгдэх учиртай. Гэтэл Монголын төрийн хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгаа нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогдлоо. Аудитын шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын шалгалтаар хүнсний салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ чухал салбарын бодлого төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын үйл ажиллагаа, судалгаа хийх, сургалт, өдөрлөг зохион байгуулах хэмжээнд хэрэгжиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй.
Олон улсын практикт хүнсний хангамжийн баталгаат байдлыг “хүнсний бие даасан байдал”-ын итгэлцүүрээр, өөрөөр хэлбэл, хэрэглэсэн нийт гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр гурван түвшинд үнэлдэг байна. Тухайлбал:
• Импорт 10.0-20.0 хувь “хүнсний бие даасан байдал” хангагдсан;
• Импорт 25.0-30.0 хувь бол “хүнсний бие даасан байдал” эрсдэлтэй;
• Импорт 40.0-хувиас илүү бол “хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үздэг. Гэтэл манай улс импортоор төрөл бүрийн будаа, ургамлын тос, загасыг 100.0, шувууны махны 96.5, жимс, жимсгэнийн 96.4, цөцгийн тосны 51.4, өндөгний 49, сүүн бүтээгдэхүүний 39.1, хүнсний ногооны 39.3, гурилан бүтээгдэхүүний 35.2, сахар, чихрийн зүйлсийн 34.4 хувийг хангаж байна. Үүнээс харахад манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байгаа. Мөн хүн амын хоол, тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан байна гэж дүгнэжээ. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос 2014 оноос хойш хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг гаргаж байгаа нь хүн амын хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, төрийн бодлого боловсруулахад ач холбогдолтой боловч зарим үзүүлэлтийг хэт ерөнхий, бодит байдлаас зөрүүтэй тооцоолж иржээ. Гэтэл Засгийн газар, төрийн болон ТББ-ууд олон төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл тусламж авсан ч хүнсний бие даасан, аюулгүй байдал хангагдахгүй. Өмнөхөөсөө сайжрахгүй хэвээр байгаа юм.
Хүнсний хуульд зааснаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах орон тооны нарийн бичгийн даргатай байхаар тусгасан ба зөвлөл хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдахаар нэг жилд багадаа хоёр удаа хуралдаж, зөвлөмж, шийдвэр гаргах, хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй боловч зөвхөн “тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх саналыг хэлэлцэж Үндэсний зөвлөлийн зөвлөмж гаргах” чиг үүргээ л хэрэгжүүлжээ. Үүнээс өөрөөр Монгол хүний хүнсний аюулгүй байдалд санаа зовж, анхаарал хандуулж байгаа дорвитой өөрчлөлт алга.
Мөн Хүнсний хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр Олон улсын Хүнсний хууль, эрх зүйн хороог төлөөлөн ажиллах чиг үүрэг бүхий бүтэц нь Монгол Улс дахь Кодексын үндэсний зөвлөл юм. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын Хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2015 оноос хойш мэргэжлийн бус хүн хүн буюу 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар Физикч мэргэжилтэй хүн ажиллаж байгаагаас шалтгаалан дээрх ажлууд үр дүнд хүрээгүй байна гэдгийг Үндэсний аудитын газрын тайланд дурджээ.
Гэтэл хамгийн ноцтой нь манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах итгэмжлэгдсэн эрх бүхий 106 лаборатори үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд нэгдсэн сүлжээний хэмжээгээр хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 110 аж ахуйн нэгж, байгууллага СХЗГын тохирлын үнэлгээнд хамрагдсан нь өмнөх оноос 62 ААНБ буюу 36.0 хувиар буурсан байна. Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын хүрээнд хамруулж баталгаажуулалт хийсэн 278 төрлийн бүтээгдэхүүн байгаагаас 1.8 хувьд нь импортын бүтэгдэхүүний баталгаажуулалт, 81.3 хувьд нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт, 16.9 хувьд нь “Аюулгүйн тэмдэг”-ийн баталгаажуулалт хийжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаас чанарын удирдлагын тогтолцоонд тавигдах шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан хүнсний салбарын 20 аж ахуйн нэгж л байгаа юм.
Үргэлжлэл бий…
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: