Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар төрлийнхнөөрөө төрийн албыг дүүргэх нь ээ
Алдарт “30 гэр бүл”-ийн тухай яриа ид тархаж байхад нэг төлөөлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гэр бүлийг нэрлэж байлаа. Энэ яриаг АН-ын спикер З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индэр дээр хэлж байв. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдохдоо “Манай гэр бүл гурван өрөө байранд буйдангаа тойроод амьдардаг. Манай гэр бүл улсаас усны тэрэг ч авч байгаагүй” гэх өрөвдүүлэх тайлбар хийж, өнөөх “30 гэр бүлийн нэг” гэх яриа тэгсхийгээд мартагдсан байдаг. Тэгвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг яагаад “Монголыг эзэгнэсэн 30 гэр бүлийн нэг” гэж цоллож байсныг болон тэр ямар улс төр, бизнесийн бүлэглэлд хамаардаг, төрд орсон цагаасаа ураг, төрлийнхнөө төрийн албанд хэрхэн томилсныг нь баримттай хүргэе.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, Эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998 оноос Монгол банкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002 оноос ахлах эдийн засагч, 2005 оноос хэлтсийн дарга, 2016 оноос Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Р.Саранцэцэгийн хувьд олны өмнө ил гараад байдаггүй ч хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан. Тухайлбал, 2020 онд Р.Саранцэцэгийг Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилох тухай яриа гарсан ч “Ч.Хүрэлбаатарын эхнэр буюу Сангийн сайдын эхнэр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын илтэд зөрчил” гэж шүүмжлүүлээд буцаж байсан юм. Мөн өнгөрсөн онд 50 мянгатын дэвсгэртийг зах зээлд гаргах яриа гарсан. Тухайн үед Р.Саранцэцэг “Том дүнтэй мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш” гэх агуулгатай ярилцлага өгч, нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм. Түүнчлэн Р.Саранцэцэг хувиараа бизнес хийж, компани удирдаж байсан намтаргүй ч 2020 оны ХОМ-тээ 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 616 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлж байжээ.
ХАДАМ АХ Р.ГАНБОЛДЫН НӨЛӨӨ
Дээр дурдсанчлан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Равжингийн Саранцэцэг гэдэг. Тэгвэл Р.Саранцэцэгийн төрсөн ахыг Р.Ганболд гэдэг бөгөөд өдгөө “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг. Р.Ганболдын тухайд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд багшилж байгаад “Интерактив” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан. Түүнээс хойш Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел” ХХК-ийн Ерөнхий захирал, “М-Си Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирал, “Юнител” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан бөгөөд 2017 оноос хойш “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.
Мөн Р.Ганболд зөвхөн “М-Си-Эс” групптэй хамааралтай биш бөгөөд дотоодод томоохонд тооцогддог “Премиум групп”-т ч түүний нөлөө бий. Тухайлбайл, Р.Ганболд “Ган вэнчюрс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг бол “Руссо моторс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК-д хувь эзэмшигчээр бүртгэлтэй. “Руссо моторс” ХХК-ийн эцсийн эзэмшигч нь “Премиум групп” ХХК. “Премиум групп” ХХК нь таван охин компанитай бөгөөд бусдаасаа жижиг ч, нийтэд их танигдсан нь “Сэнтрал Экспрэсс Си Ви Эс” ХХК буюу зах зээлд танигдсан нэр нь “CU” сүлжээ. Р.Ганболд одоо тус сүлжээний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажилладаг. Улс төрийн хүрээлэлд өрнөөд өнгөрсөн нэг сонирхолтой яриа байдаг. Хадам ах Р.Ганболдынхоо төлөө буюу тэдний олон жил ярьсан дижитал банкаа байгуулахад нь төрийн талаас дэмжлэг үзүүлж байгаа юм биш биз гэж хардах нэг өнцөг байна. Энэхүү “М” төслөө БНСУ-ийн “КТ” групптэй хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, хүний нөөц гээд бүх бэлтгэл ажил хангагдсан ч Монгол банкнаас лицензийг нь өгөхгүй гацаасан гэдэг.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД НЬ ТУВА УЛСАД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь жил гаруйн өмнө Тува Улсын Кызыл хот дахь Ерөнхий консулаар томилогдсон. “Төрсөн ахыгаа Ерөнхий консулаар томилууллаа” гэх шүүмжлэл гарсан ч Ч.Хүрэлбаатар “Манай ах хойно сургууль төгссөн, Тувагийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаг учраас Ерөнхий консулаар томилсон байх” гэж ам таглаад өнгөрч байв. Ч.Ганболд нь өмнө Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Тувад суух Ерөнхий консулаар томилогдсон юм. Тэрбээр төрсөн дүү нар болон Ч.Гантулга, Ч.Гансүх нар болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нарын хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг. Түүнчлэн Ганболдын Дэлгэр нь “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн Техник, инженерийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Ганболдын Уянга нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНТУЛГЫН ХҮҮХДҮҮД ДЭД КОНСУЛ, ТӨСЛИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОГДСОН
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгыг “Хотгор шанага”-ын уурхайн дуулианаар эчнээ таньдаг болсон. Увс аймгийн Бөхмөрөн суманд байх “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан хэрэгт Б.Алтангэрэл, Ч.Хүрэлбаатарын төрсөн Ч.Гантулга нар нэр холбогдож, тухайн үедээ л дуулиан болж байлаа. Тэр үед Ч.Гантулга нь “Б.Алтангэрэлд мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд “Хотгор шанага” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан. Гэхдээ Б.Алтангэрэл уурхайгаа Солонгосчуудад зарахаар болсон гээд зээлсэн мөнгөө төлөөл бидний харилцаа тасарсан” гэж мэдүүлснээр дуулианыг намжааж байв. Гэхдээ Улсын бүртгэл Ч.Гантулга, Ч.Гансүх, Б.Алтангэрэл нар одоо ч “Шанага транс” гэх уул уурхайн чиглэлийн компани эзэмшдэг хэвээрээ ажээ.
Ч.Гантулгын тухайд цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. Тохир гэдэг нь тэдний ургийн овог юм. Гэхдээ энэ компани хар түүхтэй компани бөгөөд 2014 оны хоёрдугаар сард ТЕГ-аас Татварын хууль зөрчсөн, Импортын бараанд НӨАТ төлсөн мэт хуурамч тайлан үйлдсэн аж ахуйн нэгжүүд дотор Ч.Гантулгын “Тохир” ХХК багтаж байсан юм. Түүнчлэн Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг” ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа ихэд далд байдаг бөгөөд “ТБМГ” ХХК нь Богд хан уулын Ташгайн аманд таван га газар эзэмшиж байгаа, өнгөрсөн оны хоёрдугаар сард цуцлуулсан түүхтэй. Сонирхуулахад, Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн дүү Б.Бат-Ирээдүй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн даргаар ажилладаг ажээ.
Ч.Хүрэлбаатарын оролцоотой байж болох, Ч.Гантулгын гэр бүлд хамаарах томилгооны хувьд Ч.Гантулгын охин Г.Энхболор нь 2018 оны есдүгээр сард Хонконг дахь дэд консулаар томилогдсон. Мөн охин Г.Энхцацрал нь төрийн статустай Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Энэ мэтээр түүний ойр дотнынхныг хаана, ямар албан тушаалд заларч байгаа мэдээлэл тасралтгүй цуварна. Дараагийн дугаарт түүний улсаас зарласан тендерүүдийг “дүү” нарынхаа оролцоотойгоор хэрхэн хамдаг баримтыг дэлгэх болно.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
URL: