Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол хүртлээ
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ардчилсан Үндсэн хуулиа батлан тунхагласны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, парламентат ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан эрхэлсэн салбартаа тууштай, үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль хүртээснээс Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол тэмдгээр шагнуулан энгэрээ мялаалаа.
Г.Ганболд нь 1990 онд анхны олон намын чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын анхны Үндсэн хууль батлахад идэвх зүтгэлтэй оролцсон билээ. Монгол Улс Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үед улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.
Г.Ганболд нь ажлын гараагаа МХЗЭ-ийн Төв хорооноос эхэлсэн бөгөөд Монголын Залуучуудын холбооны тэргүүлэгч, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан төдийгүй банкны салбарт, тэр дундаа Голомт банканд 22 жил ажилласан арвин туршлагатай, шилдэг банкир юм.
Голомт банкны нийт харилцагч, хамт олноос Г.Ганболд захиралд халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
URL: