Н.Түвшинбаяр өөрийн амь насанд аюул учруулж болзошгүй тул үргэлжлүүлэн цагдан хорив
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан.
“Хэргийн материал өчигдөр /2022.01.13/ Хан-Уул дүүргийн прокурорт шилжсэн. Н.Түвшинбаяраас өөр хүнийг яллагдагчаар татаагүй байна” гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлтийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирүүлж, шүүх хүсэлтийг хангажээ.
Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хоёрдугаар хугацааг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авсан.
2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих хоёрдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ” гэж мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн”-ийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцаагаад буй.
URL: