Говь-Алтай аймгийн 10 сумын 26 багт малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгджээ
Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас малын гоц халдварт шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн 10 сумын 26 баг 27 голомт 199 өрхөд шүлхий өвчний халдвар бүртгэгдээд байна. Сүүлийн гурван хоногт сум, баг нэмэгдээгүй. Халдвар бүртгэгдсэн 10 сумын 27 голомтоос өнөөдрийн байдлаар хорио цээрийн дэглэмтэй 7, хязгаарлалттай 4, энгийн дэглэмтэй 14 байгаа аж. Хамгийн сүүлд Дэлгэр, Төгрөг, Халиун, Есөнбулаг, Шарга гэсэн сумд голомттой байна. Эдгээр голомтод байгаа нийт өвчилсөн малын 97 хувийнх нь шинж тэмдэг арилсан мэдээллийг өглөө. Түүнчлэн малчдад анхааруулга зөвлөмж өгсөн юм. Тухайлбал,
-Улсын хэмжээнд 21 аймагт энэхүү өвчин бүртгэгдсэн учир малчид хөдөлмөрчдийг өөр аймаг, сумаас малын шилжилт хөдөлгөөн хийж худалдан авахгүй байх,
-Голомттой бүс нутгаас өөр сумруу техник хэрэгслээр хөдөлгөөн хийхгүй байх, онц шаардлагатай бол постон дээр очин ариутгал халдваргүйтгэл заавал хийлгэх,
-Малаа байнга хариулга маллагаатай байх хэрэгтэй юм. Ингэж чадвал гоц халдварт шүлхий өвчнөөс эрдэнэт мал сүргээ хамгаалж чадна гэдгийг Мал эмнэлгийн газрын дарга Д.Наянбуу онцгойлон анхааруулав.
URL: