Казахстаны ерөнхийлөгч “сануулгагүйгээр буудах тушаал” өгсний дараа амиа алдагсдын тоо 160-д хүрсэн гэв
Казахстаны нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хүчээ авч тус улсад эмх замбараагүй байдал үүсгэсэн. Улмаар Казахстаны ерөнхийлөгч армидаа “зэвсэгт этгээдүүдийг анхааруулгагүй шууд буудах” тушаал өгсөн юм. Тус улсын Дотоод хэргийн яам үймээн самуун дэгдсэнээс хойш нийт 20 гаруй жагсагч, мөн 18 хамгаалалтын ажилтан амиа алдсан гэж мэдээлж байв.
Харин Казахстаны Эрүүл мэндийн яам жагсаалын үеэр наад зах нь 164 хүн амиа алдаад байгаа талаар мэдэгджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар жагсаал ид өрнөж буй Алматы хотод хамгийн их буюу 103 хүн амиа алдсан байж болзошгүй байна.
Аюулгүй байдлын хүчнийхэн ”Алматы хотод эмх замбараагүй байдал бий болгох гэж оролдсон үймээн дэгдээгчдийг “устгасан” бөгөөд жагсагчид хотын цагдаагийн газруудыг хяналтдаа авахыг оролдсон” гэж мэдэгджээ. Мөн Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газар өчигдөр /2022.01.09/ мэдээлэл хийхдээ 6 мянга гаруй эсэргүүцэгчид баривчлагдсаны дотор нэлээн олон тооны гадаадын иргэд байгаа талаар дурдсан юм.
Одоогоор Казахстанд орон даяар хөл хорио тогтоосон хэвээр байна. Нийслэл Нурсултан хотод аюулгүй байдлыг чангатгасан нь илт харагдаж байгаа талаар ВВС-ийн сурвалжлагч Стив Розенберг мэдээлжээ. Мөн тэрбээр мөргөлдөөнийг далимдуулсан эрх мэдлийн төлөөх тэмцэл ширүүн өрнөж буйг онцолсон байна. Өчигдөр гэхэд тус улсын эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын дарга асан Карим Масимовыг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан. Масимов нь Ерөнхийлөгч асан Назарбаевын ойрын холбоотон байсан бөгөөд өмнө нь хоёр ч удаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан нэгэн юм.
Нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн Казахстаны ард түмний жагсаал газын үнийн өсөлтөөс болсон гэж буй ч цаана нь олон шалтгаан буй. Жагсагчид Казахстаныг 30 жил удирдсан, одоо ч нөлөөгөө хадгалсаар байгаа ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хязгааргүй эрх мэдлийг эсэргүүцэн, дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Гэсэн ч олон энгийн иргэний амь үрэгдээд байна.
Тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “20 мянган дээрэмчин” Алматы хотод халдлага үйлдсэн бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэнд “анхааруулгагүйгээр гал нээ” гэж тушаасан гэж мэдэгдээд буй. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өчигдөр ерөнхийлөгчийн удирдамжийг шүүмжилсэн юм. Тэрбээр “Хөнөөх тушаал нь буруу бөгөөд үүнийг цуцлах ёстой. Мөн АНУ Казахстаны ерөнхийлөгчөөс яагаад Оросын цэргийг оруулах хүсэлт гаргасан талаар тодруулга авахыг хүсч байна” гэжээ.
Хэрэв жагсаалд 160 гаруй хүн амь үрэгдсэн нь тогтоогдвол хүний эрхийн олон улсын байгууллагууд Казахстаны эрх баригчид руу санамж бичиг илгээх аж.
Эх сурвалж: BBC
URL: