ХӨСҮТ: Томуу, томуу төст өвчний 4-5 вирус манайд орж ирсэн

O-que-voce-precisa-saber-sobre-o-surto-de-gripe-H3N2-facebookМонгол Улсад томуугийн А хүрээний H3N2 вирус бүртгэгдсэн бөгөөд томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн 47 хувийг томуу, томуу төст өвчин, амьсгалын замын хүнд халдварын шалтгаант өвчин эзэлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн 58 хувьд амьсгалын замын халдварын шалтгаант өвчнөөр өвчлөгсөд эзэлж байна. Эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлэгчдийн 61 хувийг дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Сүүлийн хоёр жилийг бодвол томуу, томуу төст өвчний 4-5 вирус манайд орж ирсэн. Үүнтэй холбоотой өвчлөл нэмэгдэх, дэгдэлтийн хэмжээнд хүрэх эрсдэлийг үүсгээд байгаа юм. Ерөнхийдөө коронавирусийн цар тахалтай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт үүсэх эрсдэл бий болж байна” гэж мэдээллээ.
Томуугийн А хүрээний H3N2 вирус нь толгой өвдөх, хоолой өвдөх, гэдэсний халдвар буюу гүйлгэх шинж тэмдгээр илэрдэг. Энэ төрлийн вирус нь тухайлбал Бразилд арванхоёрдугаар сард Ковид-19-ээс илүү олон хүний ​​аминд хүрсэн гэж мэдээлж байжээ.
Томуугийн А хэлбэр нь хамгийн түгээмэл бөгөөд улирлын чанартай томуугийн дэгдэлт үүсгэдэг. H1N1, H3N2 гэх мэт дэд төрөлд хуваагдана. H ба N үсэг нь гемагглютинин ба нейраминидазын уургуудыг хэлдэг бөгөөд энэ нь вирус хүний эсэд наалдаж, бидний биед үржихэд тусалдаг. H ба N үсгийг дагаж байгаа тоонууд нь эргээд эдгээр уургийн дэд төрлүүдийг заадаг.
Уг вирусийн өвчлөл 5-аас доош насны хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүст илүү эрсдэлтэй гэж олон улсад мэдээлж байна.

URL: