Кайс Сайед Тунист авлигатай биш харин улс төрийн өрсөлдөгчидтэйгээ тэмцэж байна

new_de61dc79c639ede1369be9cc2f640687e44e3151

Тунисын их сургуулийн үндсэн хуулийн профессор асан Кайс Сайед (Kais Saied) 2019 оноос хойш Тунисын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2021 оны 6 дугаар сарын сүүлчээр Сайед Ерөнхий сайд Хичам Мечичи(Hicham Mechichi)-г огцруулж, засгийн газрын хяналтыг гартаа авч, парламентыг хааж, өөрийн тушаал дүрмээр улс орныг удирдахын тулд 2014 оны Тунисын Үндсэн хуулийн дагуу онцгой байдлын эрх мэдлээ ашигласан бөгөөд үүнийг зарим хүмүүс төрийн эргэлт гэж тодорхойлсон байна. Саяхан Сайед ирэх онд Үндсэн  хуульд өөрчлөлт оруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулах, парламентын сонгууль зохион байгуулахаар зарласан нь хууль дээдлэх зарчимд эргэн орох боломж байгааг илтгэж байгаа ч 10 дугаар сард тэрээр шинэ засгийн газрыг томилохдоо Ерөнхий сайдын эрх мэдлийг хумьсан, тиймээс одоохондоо итгэл найдвар тавих хэрэггүй юм.

Сайед эрх мэдлээ ер бусын байдлаар бэхжүүлэх нэг үндэслэл нь өргөн тархсан авлигыг таслан зогсоох хэрэгцээ байв. Тэрээр Тунис бол “ил дэглэм буюу институцийн дэглэм, жинхэнэ дэглэм буюу мафийн дэглэм гэсэн хоёр дэглэмийн засаглалтай” улс хэмээн мэдэгдэж, ““хулгайч нар”-тай яриа хэлцэл хийхгүй” гэж амласан юм. Сайед “дотоод, гадаадад нуугдаж, албан тушаалаа олз, эсвэл төсвийн хөрөнгийг дээрэмдэх хэрэгсэл гэж үздэг хүмүүс”-ээс улс оронд учруулж буй аюулыг онцлон тэмдэглэж онцгой байдлын эрх мэдэл шаардаж буйгаа хамгаалж байв. Энэ нь Сайедын хувьд шинэ сэдэв биш байв. Тунисын элитүүдийн авлигатай тэмцэх нь түүний уриалга байсаар ирсэн. Тэрээр 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд улс төр дэх хөндлөнгийн хүний ​​хувиар нэр дэвшихдээ авлигатай тэмцэх платформ дээр өрсөлдсөн нь, ялангуяа, залуу үеийнхэний дунд маш их алдарт хүргэсэн (Сайед 2019 онд Тунисын залуучуудын 90 хувийн саналыг авсан). Эрх мэдлээ бэхжүүлэх түүний үйл ажиллагаа олон нийтийн дэмжлэгийг одоог хүртэл авч байгаа боловч сүүлийн үед энэ нь буурч эхэлсэн байна.

Сайед Тунис дэх авлигыг устгахын тулд онцгой эрх мэдлээ ашиглан амлалтаа биелүүлэх үү? Үүнийг баттай мэдэхэд бэрх боловч олон улсын нэр хүндтэй зарим судлаач Сайедын түрэмгий алхмуудыг Тунисын элитүүдийн тогтолцооны авлигын эсрэг шаардлагатай арга хэмжээ авч байна гэсэн үндэслэлээр зарим талаар хамгаалж байна. Би бол эргэлзэж байна. Сайед авлигатай тэмцэхэд онцлон анхаарч байгаа нь эрх мэдлийг үндэслэлгүйгээр булааж авах гэсэн шударга бус, хувийн ашиг сонирхолд нь хөтлөгдсөн явдал гэдгийг харуулах хэд хэдэн хүчин зүйл бий.

  • Сайед эрх мэдэл олж авсны дараа авлигын эсрэг түрэмгий тэмцэл өрнөсөн нь баттай. Сайед хяналтаа авсныхаа дараахан Харилцаа холбоо, технологийн сайд асан болон дор хаяж нэг шүүгч асныг авлигын хэргээр гэрийн хорионд оруулсан. Хөдөө аж ахуйн сайд асан болон өөр долоон албан тушаалтан мөн авлигын хэргээр саатуулагдсан байна. Сайед мөн бүс нутгийн хоёр захирагчийг огцруулж, авлигын хэргээр баривчилжээ. Гэвч авлигын хэргээр буруутгагдаж байгаа хэд хэдэн нэр хүндтэй улстөрчид мөн л Сайедын улс төрийн өрсөлдөгчид юм. (Жишээ нь, Харилцаа холбоо, технологийн сайд асан Анвар Маруф (Anwar Marouf) нь өрсөлдөгч Исламист Эннада нам (Islamist Ennahda party)-ын гишүүн юм.)
  • Түүний засгийн газар авлигын хэрэгт холбогдсон хувийн бизнес эрхлэгчдэд хэрхэн хандсаныг судалж үзэхэд Сайедын сэдэлд эргэлзэх байдал нэмэгддэг. Сайед эрх мэдлийг гартаа авсныхаа дараахан 400 гаруй бизнесменийг улсаас 5 тэрбум орчим ам.доллар шамшигдуулсан хэргээр арга хэмжээ авахаа мэдэгдэв. Өнгөц харахад энэ нь авлигад идэгдсэн элитүүдийн эсрэг шийдэмгий алхам мэт харагдаж байна. Гэвч Сайед эдгээр авлигад автсан гэгдэх хөрөнгөтнүүдэд ер бусын хэлцлийг санал болгов: Хэрэв тэд улс орны ядуу бүс нутгуудад бүтээн байгуулалтын төслүүд санхүүжүүлэхээр тохиролцвол Сайед тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болно. Эдгээр баян бизнесмэнүүдтэй, ялангуяа, улс төрчид, шүүгчидтэй харьцуулбал зөөлөн харьцаж байгаа нь Сайед авлигатай тэмцэж, шийтгэхдээ нухацтай ханддаг гэсэн нотолгоог үгүйсгэж байна. Харин ч Сайед улсын сан хөмрөг ба улс төрийн дэмжлэгээ нэмэгдүүлэх боломжийг ашиглаж байгаа бололтой.
  • Сайедын авлигатай тэмцэх чин эрмэлзэл нь чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх чөлөөний эсрэг халдсанаар мөн эргэлзээ төрүүлж байна. Үг хэлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэл бол авлигатай тэмцэх, тэмцэх чухал хэрэгсэл боловч Сайед эдгээр эрх чөлөөг эрс дордуулсан. Сайед засгийн эрхийг гартаа авсны маргааш нь энгийн хувцастай офицерууд Тунис дахь Аль-Жазирагийн төв оффис руу ямар ч зөвшөөрөлгүйгээр дайран орж, хэвлэл мэдээллийн байгууллагын өмч хөрөнгийг хураан авсан. Сүүлийн саруудад чөлөөт хэвлэлийн эсрэг дайралт үргэлжилсээр байгаа бөгөөд Сайедын засгийн газар хувьсгалын дараах Тунисын анхны олон нийтийн Исламын телевизийн сувгийг Сайедыг шүүмжилсэн шүлгийг цацсан хэргээр хааж, бусад телевиз, радио станцуудыг мөн л Ерөнхийлөгчийг шүүмжилсэн гэж үзэж хаажээ.
  • Сайедын хийхгүй байгаа зүйл бас их зүйлийг хэлж байна. Сайед санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй байгууллага болох Санхүүгийн шүүх байгууллага (Financial Judiciary Pole) зэрэг Тунисын авлигатай тэмцэх хууль тогтоомж, институцийг бэхжүүлэх талаар дорвитой хүчин чармайлт гаргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа удааширч эхлээд байна. Сайед тус улсын авлигыг мөрдөн шалгах, бууруулах зорилгоор тусгай хороо байгуулахыг ч оролдоогүй. (Энэ нь Бен Алигийн дэглэм нуран унасны дараа засгийн эрх барьж байсан түр засгийн газраас ялгаатай бөгөөд Бен Алиг зугтсаны маргааш нь Авлига, хөрөнгө шамшигдуулсан хэргийг мөрдөн шалгах хороо (Commission to Investigate Corruption and Embezzlement)-г байгуулсан юм.) Харин ч бүр Сайедын засгийн газар Тунисын авлигатай тэмцэх албан ёсны байгууллага болох Авлигатай тэмцэх үндэсний газар (INLUCC)-ын үйл ажиллагааг дордуулж буй мэт харагдаж байна. АТҮГ нь Үндсэн хуулиар (130 дугаар зүйлд заасны дагуу) үүрэг хүлээсэн боловч нөөцийн хомсдолд удаан хугацаагаар өртөж ирсэн. Сайед онцгой байдлын эрх мэдлээ ашиглан АТҮГ руу илүү их нөөцийг чиглүүлж, авлигатай тэмцэх бүрэн эрхийг нь нэмэгдүүлэхийн оронд 8 дугаар сарын сүүлээр АТҮГ-ын төв байрыг бүслэн, ажилчдыг нь нүүлгэн шилжүүлэх замаар АТҮГ-ыг хаах, үгүйдээ л саад хийхийг оролдсон юм. АТҮГ-ын сошиал медиа сайт болон вэб сайт тэр үеэс хойш шинэчлэгдээгүй байгаа бөгөөд Тунисын иргэдийг авлигатай тэмцэх, сайн засаглалын талаар сургах зорилгоор АТҮГ-аас бүтээсэн радио нэвтрүүлэг 8 дугаар сарын сүүлээс хойш вэб сайт дээр нь нэмэгдээгүй байна.

Мэдээж, эдгээр ажиглалтууд нь Сайед авлигатай тэмцэх талаар дорвитой хүчин чармайлт гаргахгүй байгааг нотлохгүй байгаа ч тэрээр авлигатай тэмцэх жинхэнэ хөтөлбөрийг улс төрийн өрсөлдөгчөө дарах, нэр хүндээ өсгөх, өөрийнх нь дэглэмийн эсрэг шүүмжлэлийг таслан зогсоохоос төдийлөн илүү сонирхохгүй байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Сайед хууль дээдлэх, авлигыг ил тод мөрдөн шалгах талаар тууштай байгаагаа харуулах хүртэл бид Тунис дахь авлигыг устгах Сайедын амлалтад эргэлзэх нь зөв биз ээ.

Эх сурвалж: globalanticorruptionblog.com


URL: