Сталин: Сонгуульд хэний төлөө саналаа өгч байгаа нь чухал бус саналыг хэн тоолж байгаа нь чухал!

3fed37ed2074630401814fd8de4793e9

Сонголтгүй сонгуулийг халъя

Сталин: Сонгуульд хэний төлөө саналаа өгч байгаа нь чухал бус саналыг хэн тоолж байгаа нь чухал!

1990 оноос хойш бид барууныхны боловсруулсан сонголтгүй сонгуулийн систем буюу сонгодог луйврын шоу тоглолтоор наадсаар байна. Сонгууль нь улс төрийн нам гэгч хуйвалдааны бүлэглэл, мөнгөний нөлөөллөөс бүрэн ангижирч, чөлөөлөгдөөгүй цагт шударга сонгуулийн талаар мөрөөдөх ч хэрэггүй. Тэнд чөлөөт сонголт гэж огт байхгүй бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн тулгалт л явагдана.

Олон намын тогтолцоо нь ард түмнийг үзэл бодлоор нь хагалан бутаргаж талцан хуваагдуулахаас гадна, оюун санааны тархи угаалт явуулж үндсэндээ ард түмнийг эргүү төлөг шиг мал болгоно. Олон намын тогтолцоо байгаа нь жинхэнэ ардчилал байгаа мэт, ард түмэн хүссэнээрээ чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, дуртай намаа байгуулан төрд хяналт тавьж болох мэт харагдуулж байгаа боловч энэ нь яг эсрэгээрээ ард түмнийг төөрөгдүүлж байна. Аль ч нам нийт ард түмнийг төлөөлж чадахгүй бөгөөд эрх ашгийг нь хамгаалахгүй. Дээр нь бас өнөөгийн нөхцөлд хамгийн олон гишүүнтэй, санхүүгийн илүү чадавхитай хэдхэн нам л сонгуульд ялалт байгуулах боломжтой болж байна.

Ингээд бид сүүлийн 30 жилд хамгийн сайн хуйвалдаж, ард түмний тархийг угааж чадсан, санхүүгийн чадавхитай 2-хон намын дунд л тэлээ хурга шиг эргэлдсээр байна. Жижиг намуудаас болон бие даан сонгогдсон цөөнх бол хэн ч биш. Байхгүйтэй адил. Харахад л ардчилал байгаа мэт, боломж байгаа мэт, шудрага сонгууль явагдаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ ард түмэнд сонголт байхгүй АН, МАН гэсэн хоёрхон намын нэр дэвшигчдийг л тулгалтаар хүлээн зөвшөөрөөд байна. Дээр нь бас нууц санал хураалт гэсэн зальт аргаар сонгуулийг луйвардаж байна.

30 жил ард түмэн сонголтоо зөв хийж чадаагүй. Ард түмний нэг хэсэг нь нөгөө хэсгээ сонголтоо зөв хийж чадсангүй гэж шүүмжлээд л байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөгийн тогтолцооны үед зөв сонголт хийх боломжгүй юм. Угаасаа сонголт байхгүй байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэнд Их хуралд суудалтай намууд л өөрийнхөө төлөөллийг нэр дэвшүүлнэ. Энэ бол сонголт бус тулгалт.

Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч нь бүх ард түмнээр сонгогддог гэж солиорцгоогоод байдаг. Гэтэл нөгөө үндсэн хууль нь Их хуралд суудалтай намууд л Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө төлөөллийг нэр дэвшүүлнэ гээд заачихсан байдаг. Энэ бол ард түмний сонголт бус Их хуралд суудалтай намуудын л тулгалт.

Энэ бол зөвхөн Монголын зовлон бус, дэлхий даяараа л ингэж уханатаж байна. 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ч сонголтгүй сонгууль хэрхэн явагддагийг бэлхэнээ харуулсан. Бид дэлхийг харж, сармагчин шиг дуурайж, тэдний хийж байгаа буруу бүхнийг хуулах хэрэггүй. Эзэн Чингисийн үр удам гэж хий хоосон цээжээ дэлдэхийн оронд түүн шиг шинийг сэтгэж, бүтээвэл дээр байх.

Дэлхийд байхгүй ардчиллыг бид буй болгож чадна. Энэ бол хэцүү зүйл бус. Гагцхүү ардчилалд саад болж байгаа улс төрийн намуудаас салж, сонгуулийг мөнгөний нөлөөллөөс салган жинхэнэ шудрага ардчилсан, чөлөөт сонгууль явуулж төр засгаа зөв эмхлэн, төвхнүүлэхэд л болоод явчихна.

Төрийн бүх эрх мэдэл дээрээсээ авахуулаад бүгд мөнгөөр худалдагдаж байхад ямар шудрага ёс, ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшил байж болох вэ? Бүх шатны сонгууль тэр чигтээ л наймаа болж байгаа биз дээ?

Бид үндсэн хуулиа жинхэнэ ардчилал, шудрага ёс, тэгш эрхийг баталгаажуулах нөхцөлийг хангах хэмжээнд засварлан өөрчилж, төр засгаа зөв төвхнүүлэх боломжийг олгосон цоо шинэ чөлөөт, шудрага сонгуулийн хуультай болмоор байна. Та бүхнийг сонирхвол тийм сонгуулийн хуулийн талаар дараа үргэлжлүүлэн санал бодлоо хуваалцаж болох юм.

Жич: Улс төрийн намгүй байж болохгүй мэт хүмүүс цэцэрхэх байх. Бодлого хэн боловсруулах вэ?- гэх мэтчилэн. Тэгвэл аль ч улс төрийн нам алсын хараатай төрийн тогтвортой зөв мэргэн бодлого боловсруулах чадамжгүй юм. Тэдний аль нь ч төрийн эрхийг тогтвортой барихгүй бөгөөд боловсон хүчний хувьд ч хамгийн шилдэг зөв мэргэн бодлого боловсруулах боломжгүй юм. 4- хөн жилийн хугацаатай сонгогддог Их хурал, Засгийн газар ч үүнийг хийж чадахгүй. Бид байнгын ажиллагаатай төрийн бодлогын институт буюу хүрээлэнтэй байхад л болоо. Тэнд манай хамгийн шилдэг эрдэмтэн, мэргэд монгол төрийн дотоод, гадаад, ойрын болон хэтийн улс төр, эдийн засгийн бодлогыг боловсруулаад Их хурал түүнийг нь баталж, засгийн газар хэрэгжүүлэхэд л болно.

Ер нь төрөө зөв төвхнүүлэх чинь л бидний гарц юм шүү дээ!!! Зөв сайн хуулиар л төрөө зөв төвхнүүлнэ.

Нийтлэлч Гочоогийн Ламжав (Эрдэнэт)


URL:

Tags: