Нийтийн тээврийн “дампуурал”

164031545961c53a439556eМонгол Улсын нийслэл, 21-р зууны метрополис хот Улаанбаатарын нийтийн тээвэр 20-р зууны түвшинд “гацсан”. Аюулгүй байдал, хүртээмж, үйлчилгээ, соёл гээд бүхэлдээ өнгөрсөн зуунаас урагшлаагүй гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн 1,6 сая орчим иргэний хэрэгцээ, шаардлагад огтоос нийцэхгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл ийм байдалд хүрсэн шалтгааныг бид эргээд бодох цаг нь болжээ.

            Нийтийн тээврийн салбар ийм байдал хүрч, хотын хөгжилд чирэгдэх болсон шалтгаан нь энэ салбарыг зах зээлийн зарчмаас гажууд, төрийн “тэжээвэр” болгосонтой холбоотой. Аливаа үйлдвэр, үйлчилгээ гарах зардлаа үнэн бодитоор нь үнэлээд түүндээ таарсан төлбөрийг авдаг байх ёстой. Үүнийг зах зээлийн зарчим гэж нэрлэнэ. Ингэж байж ашиг олж, үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгждөг. Харин Улаанбаатар хотын нийтийн тээврийн тасалбарын үнэ хамгийн сүүлд 2014 онд 500 төгрөг болж нэмэгдсэн. Ажил хаялт, тэмцэл болж байж үнэ нэмээд долоон жил болж байна. 2014 онд дизель түлшний үнэ 1790 төгрөг байсан бол өнөөдөр 2865 төгрөг болсон. Долларын ханш 2014 онд 1800 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 2811 төгрөг болж 71,73 хувиар өссөн. Гэтэл нийтийн тээврийн үнэ огт хөдлөөгүй.  Өнөөдөр 500 төгрөгөөр дэлгүүрээс юу авч болох вэ гээд бодоод үзээрэй. Үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тал талхны үнэд ч хүрэхгүй. Ийм үнээр ямар үйлчилгээ авах ёстой вэ гэдгийг бас бодоод үзэхэд илүүдэхгүй. Товчхондоо бид “ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ” байгаа.

            Нийтийн тээврийн үнэ 500 төгрөгөөс өсдөггүй шалтгаан нь төр. Автобусны үнэ нэмэгдэх нь олон хүнд буюу сонгогчдод таалагдахгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээг “хүчээр” хямд байлгадаг. Жил бүр Нийслэлийн төсвөөс 130 тэрбум гаруй төгрөгийг нийтийн тээврийн салбарт өгч, нийтийн тээврийн салбарын “амийг тасалчихалгүй” аргацааж яваа. Өнгөц харахад иргэдийн халааснаас 500 төгрөг гардаг ч төлсөн татварын мөнгөнөөс багагүй хэсгийг төсвөөс зарцуулдаг. Дам утгаараа иргэдийн халааснаас л гарч байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчмаас гажсан энэ тогтолцоо нийтийн тээвэр хөгжихгүй байгаа гол шалтгаан. Үйлчилгээгээ сайжруулсан ч 500 төгрөгөөр тасалбараа зарж, төрөөс авдаг мөнгөө авдгаараа авна. Тийм учраас зардал, хөдөлмөр гаргаж хөгжих, цэвэр цэмцгэр байх ямар ч шаардлага байхгүй. Хувийн автобус компаниуд автобусныхаа тоог нэмээд хүртээмжийг сайжруулаад байх ч хэрэггүй. Учир нь хичээсэн, хичээгээгүй олдог мөнгөө олдгоороо олно гэсэн үг. Дээрээс нь автобус хэдэн удаа тойрсноос нь хамаарч цалин урамшуулал тооцдог тогтолцооноос болж Улаанбаатар хотын автобус нийтийн тээвэр биш “галзуу хулгана” болсон. Хоорондоо уралдана, буудал алгасна гэх мэтээр нийтийн тээврийн соёл иргэдийг бухимдуулаад удаж байна. Шалтгаан нь хүндээ гэхээс илүү тогтолцоондоо бий.

Мөн нэг сая гаруй төгрөгийн хүрэхгүй цалин авч, автобус жолоодож байснаас хувийн машинаараа таксинд явбал хавь илүү орлого олох боломжтой. Тийм ч учраас нийтийн тээврийн салбар нь жолоочийн хомстолд орчихсон. Одоо байгаа жолооч нараасаа хариуцлага, ёс зүй нэхэхэд учир дутагдалтай болчихсон нь бодит үнэн. Ажлаа хаяад явчихвал оронд нь ажил хийх хүн олдохгүй учир одоо байгаа жолооч нараа аргадаж ажил хийлгэдэг гэхэд болно. Нийгмийн баталгааг нь хангаж чадахгүй учраас ажилчдадаа шаардлага тавьж чаддаггүй, шаардлага тавьж стресстсэн, стрессдээгүй олдог мөнгөө олчих учраас хичээдэггүй. Ийм нэг чөтгөрийн тойрог нийтийн тээврийн салбарт нүүрлээд байгаа.

Бодит нөхцөл байдлаа харахад автобусны тасалбарын үнийг нэмэх, зах зээлийн зарчимд нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ олон нийт эсэргүүцдэг, улс төржүүлдэг учраас тийм зориг үе үеийн эрх баригчдаас гарч байгаагүй. Өнөөдөр бид хямд үнэтэй автобусанд зорчиж байгаа нь сайхан мэт санагдаж болно. Гэхдээ бид өөрсдийнхөө ая тух, эрүүл, аюулгүй байдлаас хэмнэж байгаа гэдгийг ухаарах цаг болсон. Энэ хэвээрээ төлөх мөнгөө харамласаар байвал нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй. Ирэх онд Нийслэлийн төсвөөс 500 шинэ автобус худалдаж авахаар болсон гэдгийг Хотын дарга дуулгасан. Таатай мэдээ. Гэхдээ шинэ автобусанд 500 төгрөгөөрөө зорчоод байвал хэдхэн жилийн дараа бахь байдагтаа гацсан хэвээрээ байна.

Н.Сансар

http://www.zaluucom.mn/read/5a19d5aba


URL: