“Мартагдсан ертөнц” – Хүний хөлд өртөлгүй олон мянган жил оршсон уулын орой дээрх ширэнгэн ой
Дэлхий дээр хүн төрөлхтний нээж илрүүлэх зүйл өнөө цагт тун цөөхөн үлдсэн нь үнэ. Тэгвэл энэ удаад уншигч танд газрын зураг дээр байдаггүй, домог түүхийн шинжтэй бус бодитоор олон мянган жилийн туршид соёл иргэншлээс ангид оршин байсан ертөнцийг танилцуулах гэж байна. Мозамбикын Лико уул нь эгц цавчим хад асгаар хүрээлэгдсэн тул хүний хөлөөс ангид удаан хугацааны туршид оршсон аж. Тэгвэл саяхан Английн эрдэмтэд тус уул руу авиралт хийж, өмнө нь хүн төрөлхтний харж байгаагүй зүйлсийн гэрч болцгоожээ.
Далайн түвшнээс дээш 1000 метр өргөгдсөн Лико уулыг Их Британийн Оксфорд Брүүкс их сургуулийн судлаач, эрдэмтэн Жулиан Бэйлисс Google Maps ашиглан 2012 онд нээжээ. 15 жилийн турш хиймэл дагуулын зураглал ашиглан олон сонирхолтой газрыг судалсаар ирсэн тэрээр энэ нээлтэндээ урамшин 2017 онд Мозамбик улсад иржээ. Ингээд тэрээр Лико уул руу дрон нисгэж үзээд орой дээр нь ширэнгэн ой байгааг баталсан байна.
Эгц цавчим хад асгатай тул хүний хөл хүрэх боломжгүй олон мянган жилийн нүүр үзсэн уг уул дээр тропикын ширэнгэн ой ургасан байгаа нь мөн л жигтэй гэмээр үзэгдэл билээ.
Дараа жил нь тэрээр чадварлаг биологч, ургамал судлаач, сэтгүүлчдийг багтаасан 28 хүнээр багаа бүрдүүлэн тэрхүү уул руу авиралт хийж, орой дээр нь хөл тавьсан анхны хүн болсон юм.
Уул руу авирсан судлаачид ширэнгэн ой дотроос өмнө нь нээгдэж байгаагүй ан амьтан, шавж хорхойг олж илрүүлсний дотор онц содон төрхтэй нэгэн төрлийн эрвээхэй багтаж байжээ.
Түүнчлэн ой модод дунд хаа сайгүй хэрсэн аалзны тор үзэгдэж байсан бөгөөд аалз, жаран хөлт зэрэг шавж ихээр нутагшсан байгааг тогтоосон байна. Ийнхүү хүний ертөнцөөс тусгаарлагдсан эл ертөнцөд шувуудын жиргэх чимээнээс өөр юу ч үл сонсогдох анир чимээгүй ноёлдог ажээ.
Хадат уулын орой дээр байрласан тул ширэнгэн ойн хөрсийг тун нимгэн байна хэмээн таамаглаж байсан эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн нэгэн үйл явдал болсон нь уул дээрх хөрс маш зузаан байсан ба үүнийг чухам хэрхэн тайлбарлах талаар эрдэмтэд ямар нэгэн таамаглал дэвшүүлээгүй байгаа юм.
Мөн хүний соёл иргэншлийн ямар ч ул мөргүй тус уулын орой дээрээс эртний шавар тогоо олдсон нь чухам хэний эдэлж хэрэглэж байсан зүйлс яаж энэ уул дээр гарч ирсэн талаар судлаачдыг төөрөгдөлд оруулжээ. Археологийн онол ёсоор бол тэнд ургасан ургамал, түлсэн гал бүхэн тэндхийн хөрсөнд баримт нотолгоо болон үлдэх учиртай ч Лико уулын хөрсөн дээр тэрхүү тогоог эс тооцвол хүн амьдарсан ямар ч ул мөр үгүй байлаа.
Тус уулын ойролцоо нутагладаг иргэд Лико уул дээр одой хүмүүс амьдардаг бөгөөд тэд нутаг болсон уул руугаа хэнийг ч гарахыг зөвшөөрдөггүй тул эгэл хүмүүс уул руу авирахыг цээрлэдэг домогтой тухай өгүүлжээ.
Ийнхүү хүн төрөлхтний ул мөр ажиглагдаагүй Лико уулын орой дээрээс олдсон шавар тогоо нууцлаг түүхээ хадгалан үлджээ.
URL: