Сэтгүүлчид сэлфидсэнээс болж айлчлал муу болоогүй ээ!

header_image_XTwg9Y6

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үр дүнд 100 жилийн дипломат харилцаатай гэх хоёр орны улс төр, эдийн засагт нөлөөлөхүйц ямар ахиц дэвшил гарсан, төрийн бодлого стратегийн түвшинд цаашид хэрхэн хамтарч ажиллах, мөн бодит ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн зэрэг нь огт тодорхойгүй байгаа. Монголын хэвлэл мэдээлэл, Оросын хэвлэлээр айлчлалын үр дүнгийн тухай мөн тодорхой дурдагдсангүй. Үндсэндээ нэг л ойлгомж муутай, бүрхэг албан маягийн дипломат мэдээ яваад өнгөрч байх шиг. “ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан “Тунхаглал” байна. Өөр томоохон шийдвэр үр дүн харагдсангүй” гэж олон улс судлаач Н.Эрдэнэбүрэн хэлсэн.

Тэгвэл тэрхүү тунхаглал гээчид юу юу байгааг анзаарч үзвэл “Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ” гэж хатуу заажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө Эгийн голын УЦС-ыг барьж болохгүй, та бүхэн цахилгааны хувьд цаашид Оросоос хараат байсаар байх болно гэсэн үг. Үүнийгээ тулган хүлээлгэсэн тунхаглал. Түүнээс хил дамнасан гол мөрөнг хамгаалах асуудал огтоос биш. Ийм хатуу тунхаглалд манай Ерөнхийлөгч гарын үсгээ зурлаа, Эгийн гол болоод бусад УЦС-ууд баригдах хувь заяа улам бүрхэг боллоо гэж судлаачид харуусаад байгаагийн гол гогцоо энэ юм.

Мөн “Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөлд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж заасан. Энэ нь бид бүхнийг эрчим хүчний хувьд оросууд бүрэн хамааралтай байлгах бодлого. Энэ тухай манай сонин өмнө нь бичиж байсан. Ерөнхийлөгчийг очингуут буудалд нь хамгийн түрүүнд “Газпром”-ынхон “шогшоод” ирсэн нь ийм учиртай. Украин хийн хоолойгоор дамжуулж Оросоос эрчим хүчээ аваад яаж баларч, оросууд газаа хаахад улс орон нь сүйрэлд орж, Киев хотын орон сууцны цахилгааны үнэ гэнэт 8 дахин өссөн тухай судлаач Т.Болд тодорхой хэлснийг бодууштай. Саяхан оросууд эрчим хүчний хямралыг Европт зориуд үүсгэж байна хэмээн Герман “Хойд урсгал 2” хийн хоолойн зөвшөөрлийг түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн. Европын байгалийн хийн импортын 40 хувийг Орос дангаараа хангадаг, хэрвээ “Хойд урсгал 2” ашиглалтад орсноор нөлөөлөл нь улам бэхжих аюултай гэж Европын орнууд болгоомжилж байгаа. Герман мэдэгдэл хийсэн даруйд Европт хийн үнэ огцом өсч, нэг мянган шоо метр нь 1046 ам.долларт хүрснийг “CN” мэдээлсэн. Хийн хоолойн асуудалд Европын орнууд, Америк аль нь болгоомжтой хандаж байна.

Айлчлалын гол үр дүн гэгдэх төрийн тэргүүнүүдийн тунхаглалыг нарийвчлан үзвэл ийм байна. Манайд ямар ч үр нөлөөгүй, харин ч бүр цахилгаан эрчим хүчний хувьд улам хараат болох аюултай, улс орны цаашдын хөгжил дэвшилд тээг садаа болсон, урхаг уршигтай зүйлүүд байна. Монголчуудыг молигодсон айлчлалынхаа улс төр, эдийн засгийн нөлөөллийг оросууд дэлхий нийтэд сүр болгож дэлгэсэнгүй.

Харин энэ удаагийн айлчлалын хамгийн шуугиантай зүйл нь Монголын сэтгүүлчдийг хаа явсан газраар гар утсаараа зогсоо зайгүй сэлфи хийлээ гэж элдвээр хэлж олон улсад цацлаа. Тухайлбал “Россия-1” сувгаар “Монголын сэтгүүлчид алхам бүрээ авч байна. Харсан тааралдсан болгоныхоо зургийг дарж сэльфидээд л байна. Масктай, маскгүй, сиймхий гарч л байвал сэлфи хийж, түүндээ хязгааргүй баярлан гүйлдэж байна” гэх утга бүхий мэдээллийг манай сэтгүүлчдийн сэльфи хийж байгаа зураг хөрөгтэй тод томруунаар гаргасан. Сэтгүүлчид сэлфидэх бол хаана ч, аль ч улс оронд байдаг энгийн үзэгдэл. Энэ бол тэгж гайхаад, цочирдоод, элдвээр хэлээд байх юм биш. Харин нэг хүний дэглэмтэй гэгдэх Орост л байдаггүй юм байлгүй. Оросын томоохон телевизийн сувгуудаар ингэж үзүүлэхийг бодоход Орост сэтгүүлчид нь сэлфи хийвэл хэрэгт ордог бололтой. Үндсэндээ өөрийнхөө гар утсаар өөрийгөө авах нь байж болохгүй зүйл, тийм ичгэвтэр явдал юм байх.

Бид ганцхан Орост очиж байгаа юм биш. Монголчууд, Монголын хэвлэл мэдээллийнхэн дэлхийн бүх оронд очиж төрийн айлчлал, олон улсын том хурал зөвлөгөөн, баяр ёслолыг сурвалжилж байсан. Азийн хамгийн хөгжилтэй гэгддэг Хятад, Япон, Солонгос, Сингапурт очиж байсан. Мөн Европын орнууд, Англи, Франц, Герман, Дани, Итали, Швейцарь гээд бүх орноор явж, тухайн улсын нэр алдартай хүмүүс, дэлхийн одуудтай, хүн төрөлхтний гайхамшиг болсон газруудад очсоны дурсгал болгон сэлфи хийдэг. Тухайлбал, Францад очсон бүх л хүн Парисын цамхагийг оруулж байгаад сэлфи хийдэг. Зөвхөн монголчууд гэлтгүй гадны сэтгүүлчдийн улс орнуудын аяллын нэвтрүүлгийг үзэж байхад тухайн улсынхаа хүмүүстэй сэлфидэж байгаа харагддаг. Тиймээс энэ бол олон улсад үнэндээ гайхахаар юм биш. Гэтэл оросууд сэлфи хийсэн монголчуудыг манайхны хэлдгээр эвэртэй туулай үзсэн юм шиг, өөрсдийнх нь хэлдгээр баба яга гэх үлгэрийн шулмаа харсан юм шиг биднийг элдвээр хэлж гутаан доромжилж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ бол зүгээр нэг сэтгүүлчид сэлфидсэн асуудал төдий биш байх. Ерөөсөө монголчуудыг гутаах гэсэн, олон улсад ялангуяа Монголын төрийн тэргүүний айлчлалыг анхааралтай ажиглаж байсан Хятадад “Бид монголчуудтай хэзээ ч найз биш” гэдгээ илэрхийлсэн оросуудын хандлага.

Оросууд ийм нэг жудаг журамгүй, увайгүй, ядарсан орны ядруухан аргаа энэ удаагийн айлчлалаар илэрхийллээ. Төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийг төв телевизийнхээ сувгуудаар ямар нэгэн байдлаар гутааж гаргана гэдэг дипломат ёсонд байж боломгүй үйлдэл. Ийм л ядарсан аргыг оросууд хэрэглэж байгааг нь харахад хөөрхий дөө, хойд хөрш маань ядруу байна гэж бодогдлоо. Дэлхий дахинд биднийгээ ингэж элдэв дээдээр хэлж, юм үзээгүй мэтээр гутаах гэж оролдон, өөрсдийгөө нэг их мундаг улс гүрэн болгох гэж ядаж цөхөж байгаа нь ийнхүү өрөвдөхөд хүргэлээ. Энэ бол үнэхээр ядарсан орны чадарсан арга. Хэрвээ дэлхийн том гүрэн, улс орнууд бол төрийн айлчлалынхаа үр дүнг л ярина. Түүнээс сэтгүүлчид, айлчлалын бүрэлдэхүүнд яваа эрхмүүд сэлфиднэ үү, зураг хөргөө хэнтэй авахуулна уу, ёстой падгүй. Ер нь сүүлийн үед Орос руу, Путин руу айхавтар дайралт ирж байгааг бид мэднэ. Ялангуяа Путин 2036 он хүртэл төрийн эрхийг барих, Үндсэн хуулийн санал асуулгын үеэр юу болж байв. Оросын эдийн засгийн тулгуур болсон газрын тосны үнэ сүүлийн 20 гаруй жил байгаагүй доод түвшиндээ хүрснээс болж рублийн ханш их унасан. Үүнээс улбаалан эдийн засаг нь агшиж байгаа. Газрын тос байгалийн хийн орлого 165 тэрбум ам.доллараар буурч буйг эдийн засагч Татьяна Евдокимова хэлснийг “BBC” онцолсон байна лээ. Эдүгээ 70 настай Путин 2036 он хүртэл дахиад 14 жил үндсэндээ 84 нас хүртлээ Оросыг удирдаж ганц хүний дэглэмд байлгана гэдэг айхавтар том сорилтын өмнө ирж барьц алдаж байгаа бололтой. Монголчууд бид эх орны дайнд Оросын төлөө эцсээ хүртэл тэмцсэн. Дахиад оросууд маань биднээсээ тусламж авах хэмжээнд хүрч байгаа юм биш биз дээ. Хэрвээ тэгтлээ ядарч цөхрөхдөө тулаагүй бол сэтгүүлчид нь сэлфидлээ гэж хариугүй аахар шаахар зүйлээр хөөцөлдөж биднийгээ ингэж дэлхий нийтэд гутаамааргүй юм. Гэхдээ харамсалтай нь ямар ч байсан У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал ямар ч үр дүнгүй боллоо. Харин Оросын телевизээр гараад, манайхны хөөргөн дэвэргээд байгаа шиг сэтгүүлчид сэлфидсэнээс болж айлчлал муу болоогүй шүү гэдгийг онцлон хэлье.

Д.Батболд


URL: