Түгжрэлийг сааруулах бодлогын түгжрэл
Улаанбаатарынхан нэг үгээр хэлэхэд далан долоон зовлонгийн дор амьдарч байна л даа. Тэр чинь юун зовлон байдаг юм бэ гэвэл хотын хэт төвлөрөл, утаа, хөрсний бохирдол, замын түгжрэл гээд л хөврүүлж өгнө. Тэр дотроос арай нэг ахиц олсон юм нь хотын утаа. Өнөөгийн өнгө төрхөөр нь харвал хагас хугасхан шийдлийг бий болгосон нь утааны тухайд хэдэн үг хэлж болох.
Тэгвэл 20-иод жилийн өмнөөс мөнгө хөрөнгө зөндөөн зарж ярьсан төлөвлөсөн ч биеллээ олдоггүй нэг асуудал бол замын түгжрэл. Өвчтэй хүнээр зүйрлэх юм бол оношийг буруу тогтоогоод байгаагаас өвчин нь улам ужгирч хойд нас руугаа явах зам нь шулуудсан мэт түгжрэл гэдэг аюул жилээс жилд, өдрөөс өдөрт улам даамжирсаар нийслэлийнхний ажил, амралтын цагийг хасч, уур уцаарыг нь барж гүйцлээ. Түгжрэл нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж байнав гэсэн судалгаанаас харвал нийслэлийн нэг оршин суугч өдөрт 2.5 цаг, жилдээ 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна гэнэ.
Энэ судалгаанд түшиглэн тооцож хэлэхэд өнгөрсөн онд улсын хэмжээнд бүтээсэн нийт баялгийнхаа найман хувийг түгжрэл гэдэг “мангас”-д алдаж байна гэсэн дүн гаргасан байналээ. Үүнийг мөнгөөр илэрхийлэх юм бол шатахуун, цаг хугацаа гэх мэтээр нь тооцоход 2.7 их наяд төгрөгийг түгжрэлийн улмаас үргүй зарцуулж эдийн засгийн алдагдал хүлээсэн гэсэн үг юм.
Асар ихийг алдсан байгаа биз. Энэ нь нийслэлийн нэг жилийн төсвөөс гурав дахин их гээд бод доо. Ер нь энэ түгжрэлийг яагаад сааруулж чаддаггүй юм бэ гэвэл нийслэлийн үе үеийн дарга нарын ажил хийсэн дүр эсгэсэн амлалтууд хий хоосон мөрөөдөл төдий байсны “үр дүн” гэж болно. Төр, засгийн тогтвортой биш байдал ч нөлөөлсөн тал бий байх л даа. Нэг дарга гарч ирэнгүүтээ зөндөө юм хийнэ, амжуулна гэж ярьдаг, амладаг. Түүнийгээ биелүүлэх гэж будилж, мунгинаж байтал нь албаных нь хугацаа дуусчихдаг. Дараагийн дарга өмнөхөө юу хэлж хийж байсныг үгүйсгэн бодлогын залгамж чанарыг орхигдуулж огт өөрийг хэлдэг, бас өөр мөрөөдөл бий болгодог.
Тухайлбал нэг дарга нь энэ хотод метро барих цаг боллоо гэх. Нөгөө нь нийслэлийн төвд оршдог томоохон зах, худалдааны газрыг гадагшлуулна л гэдэг. Нэг удаа авто худалдааны захыг хотын баруун тал руу аваачлаа юм болсон. Заримыг нүүлгэж дийлээгүй өдий хүрэв. Үгүй бас хотын нягтралыг багасгахын гол зангилаа нь Улаанбаатарын орчимд дагуул хотууд байгуулах тухай их ярьсан. Одоо ч ярьсаар л байна.
Налайх, Багануурыг дагуул хот гэж нэрлэсэн. Гавьтай юм болсонгүй. Хөрөнгө, төсвөө булаалдсан хоёр даргатай болгосноос өөр ахиц гаргаагүй унтрах янзтай. Бас нэг, хоёрын зэрэг газарт томоохон гүүрэн гарч байгуулсан ч тэр нь замын түгжрэлд нэмэр болсонгүй ээ. Учир тэр бага сагахан ажил нь хотын хүн амын болоод, автомашины тооны өсөлтийг гүйцсэнгүй. Тиймээс гол замуудын даац хоёр дахин хэтэрчихээд байна. Ноднингоос эхэлж яригдсан дүүжин тээврийн үйлчилгээ бий болгоно гэсэн ажил одоо нам жим болж. Учрыг лавлабал чиглэл тогтоосон газруудад оршдог гэр хорооллынхон газраа чөлөөлөх боломжгүй. Тэгээд ч дээгүүрээ цахилгаанаар явдаг дүүжлээтэй юм явуулахгүй гэсэн юмдаг уу даа.
За тэгээд дүүжин тээвэр будаа гэнэ. Гэтэл хотын одоогийн дарга Д.Сумъяабазар “Амлачихъя” гэж байгаад би Улаанбаатар хотыг хөнгөн галт тэрэгтэй болгоно. Судалгааг эхлүүлсэн. Энэ бол хотын түгжрэлийг бууруулах шилдэг арга гэж сүрхий чанга хэлчихээд байгаа. Гэтэл нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хэлтсийн нэг мэргэжилтэн “Түгжрэлтэй холбоотой олон талын судалгаа хийж байна. Төлөвлөгөө ч гаргасан. Харин тэр төлөвлөсөн бүхнээ дуустал нь хэрэгжүүлнэ гэхэд дор хаяж 30 жил шаардлагатай. Зүгээр хөнгөн галт тэрэг явуулах маягаар хэрэгжүүлэхэд лав 10 жилийн хугацаа хэрэгтэй” гэж хэлсэн нь нөгөө тэг зогсолт нь болчих байх гэсэн бодолд автуулж байна.
Тавьсан зорилгынхоо эрч хүчийг тэгж л сулруулж байх юм. Харин хотын түгжрэлийг богино хугацаанд бууруулъя гэвэл нийтийн тээврээ сайжруулъя гэж байгаа юм билээ. Тэгтэл өнөөгийн хотын нийтийн тээврийн үйлчилгээний байдлыг харахад тийм түргэн сайжралыг олчихно гэхэд хэцүүхэн байгаа шүү дээ.
Цогц сайн үйлчилгээтэй байж чадвал иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх хүрээ нэмэгдэх учиртай л байх. Хоёр жилийн өмнөөс билүү дээ. Хотын гол замуудад нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр замаар явах журам тогтоолоо л гэсэн. Гэтэл тэр журам хэд хоног мөрдөгдсөн бол. Өнөөдрийн байдлаар тэр нэгдүгээр зам хөдөлж байгаа машин бүрт зориулагдсан мэт байна. Ёстой л хоормог шиг холилдсон гэж хэлэхээр. Түүнийг замын цагдаа нар ч журамлаж чадахаа байсан. Автобуснаас нэгдүгээр замыг нь булаасан машины жолооч бүхэн торгуулна гэсэн санамж ч мартагдаж. Хэрэв хотын төв хэсэгт бий болоод байгаа түгжрэлийг багасгахад гол коридор замынхаа нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн автобусанд “өмчлөөд” өгчих юм бол эргэлт нь түргэснэ. Иргэдийн тээврээр үйлчлүүлэх сонирхол ч нэмэгдэх талтай. Нөгөө талаар автозамын инженерчлэлийг сайжруулахыг анхаарууштай. Зам хэдийчинээ өргөн байвал түгжрэл үүсэхгүй юм шиг ойлголт байдаг нь тийм биш. Энхтайваны өргөн чөлөөний зарим уулзвар найман эгнээтэй. Түүгээр дүүргэн явж байсан машинууд өөр тийш эргээд хоёрхон эгнээтэй зам руу орохоор ер нь чихцэлдэж түгжрэхээс яахав дээ.
Бас тэр төв замуудад орц, гарц дэндүү олон байдгаас замын чанарт их нөлөөлдөг. Энхтайваны өргөн чөлөөний 12-хон км замд судалгаа хийхэд 120 орц, гарц байгаа юм. Энэ нь 100 метр тутамд нэг орц, гарцтай гэсэн үг. Тэгвэл бас энэ төв замын дагуу зогсоол хүртэл зөндөө. Томоохон метрополис маягийн хотын замын инженерчлэлээр хориотой зүйлийн нэг энэ юм билээ. Иймээс зам нь олон эгнээтэй ч түгжрэл үүсдгийн шалтгаан ийм.
Энэ мэт асуудлыг шийдэхгүйгээр нийтийн тээвэрт хэчнээн парк шинэчлэл хийлээ ч түгжрэлд нэмэргүй. Үйлчлүүлэгчээ татна гэдэг санаа ч лөө лөө болно биз. За тэгээд шинээр автозам, гүүрэн болон нүхэн гарц болон хөнгөн галт тэрэгний зам барих гэхээр их хүндрэл үүсгэдэг юм нь газар чөлөөлөлт гэж том бэрхшээлтэй тулгардаг. Энэ бэрхшээл яагаад бий болсон юм бэ гэвэл хотыг төлөвлөлтийн дагуу биш хөгжүүлсний гай. Академич, доктор Д.Дашжамцын хэлснээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 3-4 удаагийн ерөнхий төлөвлөгөөг мөрдөөгүйгээс өнөөгийн нийслэл хот маань холимог хуурга шиг холилдсон юм болсон. Барилгажилт, зам талбайн зохион байгуулалт гэж замбараагүйтсэн. Их хотод байх стандарт гэж хэлэх юм ч үгүй болсон. Үүнийг өөрчилнө, шинэчилнэ гэхээр газар чөлөөлөх зардал нь уг бүтээн байгуулалтыг хийхээс илүү хөрөнгө шаардахад хүрдэг гэсэн нь туйлын үнэн юм л даа.
Оны сүүлчээр нийслэлийн 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн зөвхөн судалгаа, зураг төсөл зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг хуваарилсан нь түгжрэлд дулдуйдан төсвийн мөнгөөр тоглох гэлээ гэсэн сүрхий шүүмжлэл дагуулах шиг болсон. Алив төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд тооцоо судалгаа хийх нь зүйн хэрэг. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүс болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээс төр, засаг дэмжлэг хүсэх нь байдаг л үзэгдэл байх. Гэхдээ нэгийг хихийн төлөө гэж хэт данхайсан төсөв төлөвлөдөг муу зуршил бий болсон нь олон түмний хараа хяналтад өртөж бухимдуулсан хэрэг.
Нөгөө л Тасганы овоон дээр бурхантай байгууламж барина гээд Засгийн газраас 32 тэрбум төгрөг төсөвт суулгасан шиг. Энэ мэт тооцоо судалгаа муутай төсөв, чухам юуны тулд зарцуулах нь тодорхой бусын улмаас иргэдэд хардлага төрүүлдэг болсон. Хардахаас ч аргагүй юмыг дээр дооргүй хийсээр байгаа нь үнэн. Үүний зэрэгцээ Засгийн газраас ирэх оны төсөвт Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад зориулж 420 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүнийг нийслэлийнхэн тун голонгуй байгаа юм билээ. Тайлбар нь гэвэл хотын түгжрэлийг бууруулахад есөн их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог аль тавдугаар сард Засгийн газарт танилцуулсан. Гэтэл 420 тэрбумыг баталж өгсөн нь ардаа барих уу, урдаа барих уу гэгчээр хаанаа ч хүрэхгүй хөнгөдсөн хөрөнгө гэж байналээ. Улсаас өгсөн төсвийг тийнхүү чамлаж байгаа юм. Ингэж бүтээн байгуулалт гэхээрээ өнөөгийн өргөн хэрэглээний барааны үнийг өсөлт шигээр зардлыг өсгөөд эцэст нь амласан амлалт, зорьсон зорилгоо хэрэгжүүлж чадаагүй нь хөрөнгөөр хангаагүй Засгийн газрын алдаа юу, хийх ёстой ажлаа гүйцэлдүүлээгүй нийслэлийн удирдлагын буруу юу гэдэг нь тодорхойгүй хэн ч хариуцлага хүлээдэггүй үлддэг гашуун үнэн бас бий.
Угаасаа нийслэл хотод замын сангийн хөрөнгө оруулалтаар автозамд өргөтгөл зогсоол, уулзваруудын шинэтгэл хийсээр ирсэн гэдэг. Гэтэл нийслэлийн хэмжээнд 1165 км автозамын 40 хувь нь маш муу гэсэн үнэлгээтэй байдаг аж. Хийгээгүй биш хийсэн ажлынх нь үр дүн ийм л байгаа юм. Одоо түгжрэлийг бууруулах таван цогц ажил хэрэгжүүлнэ гэж байгаа юм билээ. Үүнийг тодруулбал 90 байршилд холбоос туслах замын зураг төсөл хийж байгаа. Мөн 1800 метр гүүрийн төсөл, шинээр барих хөнгөн галт тэрэгний замын ТЭЗҮ гээд ажил оволзуулна л гээд байналээ. Харин амлах биш хийхийг урьдал болгох нь чухал байна л даа. Ядсаар байтал нэг жил дахиад бас нэг жил өнгөрч дараагийн сонгууль болчихно. Энэ үед өнөөгийн дарга нар хэвээр байх уу, үгүй юу мэдэхгүй. Тэр үед түгжрэл арилах байтугай бүр хөлдүүдээ тулна гэгчээр зарим судлаачдын хэлээд байгаа шиг Улаанбаатарт тэг зогсолт гээч нь биеллээ олчихсон байвал яана вэ. Нийслэлийнхэн цар тахлын үеийнх шиг ажилдаа очъё очиж чадахгүй, очвол буцаад харьж чадахгүй ийм л цаг ирэх вий дээ. Өнөөгийн түгжрэлийн ирээдүй ийм л дүр зурагтай харагдаад байх юм. Түгжрэлийг бууруулах ажил, төлөвлөсөн бодлого өөрөө түгжрэлд ороод байна шүү дээ. Энэ байдал битгий давтагдаасай.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: