Хатан хааны амийг хөнөөхөөр заналхийлсэн этгээдийг Их Британийн цагдаа шалгаж байна
Зул сарын баярын өдөр хатан хааны байрлаж байсан Уиндсорын шилтгээнд зэвсэглэсэн этгээд нэвтрэхийг завдаад баригдсан тухай Их Британийн цагдаагийн газар өмнө нь мэдээлж байсан билээ.
Баривчлагдахаасаа хэдхэн минутын өмнө тэр Snapchat сошиал сүлжээнд видео мэдэгдлээ тараасан байсныг шалгаж эхэлснээ цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Уг видео бичлэгт нүүрэндээ баг зүүж, гартаа хавчаахай нум барьсан тэрбээр өөрийгөө Энэтхэгийн Сикх хүн гэж танилцуулаад 1919 онд Британийн колоничлогчид Сикхүүдийг хядсаны өшөөг авах зорилготой гэж ярьсан байна.
Уиндсорын шилтгээнд нэвтрэхийг завдаад баригдсан этгээд нь хавчаахай нумаар зэвсэглэсэн байсан юм.
Лондон хотын цагдаагийн газар түүнийг 19 настай, сэтгэцийн өвчтэй нэгэн байсныг мэдээлжээ.
Зэвсэгт этгээдийг баривчлагдах үед Уиндсорын шилтгээнд хатан хаан Элизабет, хүү Чарльз болон түүний гэр бүлийн хамт Зул сарын баярыг тэмдэглэж байсан юм.
1919 онд Британийн цэргүүд умард Энэтхэгийн Амритсар хотод гар хоосон олон мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд рүү гал нээж байжээ.
Тусгаар тогтнолын төлөө тэмцэлд түлхэц болсон энэ үйл явдлын үеэр 379 хүн алагдсан гэж Британийн тал үздэг. Харин Энэтхэгийн талын баримтад хохирогсдын тоо 1,000 хүрсэн гэж бичсэн байдаг юм.
Эх сурвалж: AFP
URL: