С.Амарсайхан: Ирэх оны зургаадугаар сарыг дуустал зөвхөн айл өрхийн цахилгааны зардал болох ₮75 тэрбумыг Эрдэнэт үйлдвэр төлнө

67ac87a7d03ceb8fe93dc6f167d08432Зөвхөн айл өрхийн цахилгааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр 2022 оны зургаадугаар сарыг дуустал даана гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр “Айл өрхийн тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэлх хөнгөлөлт цааш үргэлжилнэ. Илүү гарсныг нь айл өрхүүд өөрсдөө төлнө.

Өөрөөр хэлбэл, зөвхөн айл өрхийн цахилгааны хөнгөлөлт цааш үргэлжилнэ. Ус, дулаан болон аж ахуйн нэгжүүдийн тог цахилгааны төлбөрийн хөнгөлөлт энэ сарын 31-нээр дуусгавар болно гэсэн үг.

Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ААН, айл өрхийн тог цахилгааны төлбөрийг дааж байхад 800 тэрбум орчим төгрөг зарцуулж байсан. Харин одоо 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд зөвхөн айл өрхийн тог, цахилгааны зардлыг даавал 75 тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс цааш нийгмийн хариуцлагын хүрээнд төлөх асуудал тул шийдвэрлэгдэнэ гэж тооцож байна” гэв.

Ипотекийн зээлийн тухайд “Монголбанк ипотекийн зээлийг цааш үргэлжлүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэсэн ч энэ бол иргэдийн амжиргаа, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уян хатан шийдвэрлэх асуудал тул ипотекийн зээлийн хойшлуулалт ирэх оны зургаадугаар сарыг хүртэл үргэлжлүүлнэ гэж үзэж байна.

Тиймээс цар тахлын хууль сунгагдвал энэ хуулиараа ипотекийн зээлийн төлөлт хойшлуулалт 2022 оны зургаадугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ” гэдгийг нэмж хэллээ.


URL: