Бөхийн өргөөнд 128 бөхийн барилдаан лхагва гарагт болно
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.
МҮБХ-ноос Бөхийн өргөөнд зохион байгуулах тус барилдаан 12 дугаар сарын 29-нд уламжлал ёсоор явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 27, 28-нд 10-17 цагт цахимаар бүртгэнэ.
Дашрамд сонирхуулахад, Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнгөрсөн баасан гарагт /2021.12.24/ болж, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос харцага Б.Бат-Өлзий түрүүлж, заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Улсын харцага Б.Орхонбаяр, Улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод Улсын начин Г.Ганжад, Цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.
URL: