Доктор Ж.Цэвээнжав: Шатахууны зарим төрлийг дотооддоо үйлдвэрлэж, хараат байдлаас гарах боломжтой

 

ШУТИС-ийн зөвлөх, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, профессор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.

 

-Сүүлийн үед хэрэглэгчид хуурамч шатахууны асуудлыг ярих боллоо. Монгол Улс шатахууныхаа 90 орчим хувийг гаднаас импортолж байна. Тэгвэл яаж импортоос хараат бус болох вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Та энэ салбарын судалгааг хийдэг мэргэжилтний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Түлш, шатахууны асуудал төр засаг, түмэн олон, хэрэглэгч, нийлүүлэгч бүх хүний асуудал юм. Гэхдээ асуудалд хаанаас нь хандах вэ, яаж шийдэх вэ гэдэг нь чухал болохоос асуудлыг дэвэргэн ярих нь учир дутагдалтай. Монгол Улсад 1991 онд батлагдаж, 2014 онд шинэчлэн найруулсан газрын тосны тухай хууль гэж бий. 2006 оны долдугаар сарын 1-нд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хууль байгаа юм. Хуульд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тухай өргөн хүрээтэй ойлголтыг оруулж өгсөн. Газрын тосны бүтээгдэхүүн гэдгийг хуулинд химийн бодисуудын нэгдэл холимог гэж тодорхойлсон байдаг. Бензин шатахуун гэдэг газрын тосноос гарган авч байгаа хамгийн чухал өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүний нэг.

Түлш шатахууныг дотор нь баялаг үйлдвэрлэгч, баялгийг зарцуулагч гэж хоёр хувааж болох юм. Баялаг үйлдвэрлэгч гэдэг улсын эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй уул уурхайн салбарын гол хэрэглээ дизелийн түлш орж байна. Цаашдаа өргөн уудам нутагтай манай улсад уул уурхай, газар тариалан, зам барилга, хүнд техникт хэрэглэдэг дизелийн түлшний хэрэглээ одоо 60 хувьтай байна. Цаашид 70-80 хувьд хүрэх байх. Тэгвэл баялаг бүтээгч түлшийг яах вэ. Хамгийн гол нь хэн, хаана үйлдвэрлэсэн нь чухал биш хямд, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой.

-Таны ярьж байгаа дээр дизелийн түлшийг Монгол Улс дотооддоо түүхий эдийг нь авчраад үйлдвэрлэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Боломжтой, яагаад гэвэл Эрдэнэтэд хийн конденсат буюу шингэн нефтийг Эрхүү мужаас авчраад дизелийн түнш голдуу гаргаж байсан туршлага бий. Эрэлт хэрэгцээгээ дагаад л хөгжих боломж байна. Энэ утгаараа манай төр засаг импортыг дэмжих, хянахаас гадна хамгийн гол нь үйлдвэрлэл явуулъя гэдэг бодлого нь зөв байгаа юм.

Төрийн бус байгууллагынхан шатахууны хэрэглэгчдийн нийгэмлэг, салбарын яамыг шүүмжлээд байна лээ. Манай яам нь нийт улс орны салбарын хэмжээний бодлого гаргадаг учраас нэг хүний үгээр нэг зөрчил гарчихлаа гээд тэнд тааруулж хуулиа өөрчлөөд дуугараад байж болмооргүй байгаа юм.

Үндэсний том үйлдвэр ямар нэгэн аргаар хямд чанартай бүтээгдэхүүн гаргаад хэрэглэгчдэдээ нийлүүлээд эхэлбэл гадаад хамаарлыг тодорхой хэмжээгээр багасгана шүү дээ. Энэ утгаараа их чухал юм.

Шинжлэх ухаан технологийн их сургууль, Газрын тосны нийгэмлэг, манай яам, Ашигт малтмал, газрын тосны газар нийлж хуралдахдаа анх хуурамч шатахуун гэсэн нэршлийг ярьж байсан. Үүнийг засахын тулд яах ёстой вэ гэвэл эрэлт нийлүүлэлтээр зохицуулдаг зах зээлийн нийгэмд төр засаг ч юм уу, мэргэжлийн байгууллага гээд хажуугаас битгий оролцооч ээ. Хэрэглэж байгаа хүн өөрөө хариуцлагатай байх ёстой. Хаана чанартай хямд байна, тэндээс хэрэглэх мэдлэгтэй ухаалаг хэрэглэгч болох хэрэгтэй. Нөгөө талаас шатахуун амархан дуусч байна гэдэг нь жилийн жилд энэ өдрүүдэд өвлийн хүйтэн, хотын түгжрэлтэй холбоотой байдаг шүү дээ.

Төр засгаас хэрэглээний бензиний үнээс илүү дизелийн түлшинд анхаарах, нөгөөтэйгүүр үнийг чөлөөлнө гэдэг зөв. Хэдийгээр одоо Коронавирусээс болж эдийн засгийн хүнд байдалд байгаа энэ үед үнэ чөлөөлөх нь хэцүү ч тайван үед эрдэмтэн судлаачид бидний үгэнд ороод үнийг чөлөөлөх байсан юм. Тэгсэн бол хэрэглэгч, нийлүүлэгч хоёр хоорондоо л ярихаас биш, дундуур нь төр орохоор бурууг өөрсдөдөө бус төрд тохох үзэгдэл их байна.

-Таны хувьд Монголын газрын тосны, инженерүүдийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байгаа. Газрын тосны монгол инженерүүд дотоодод дизел түлш үйлдвэрлэх ямар судалгаа хийсэн бэ, чанарын хувьд ямар боломж байна. Төрийн зүгээс дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авах нь зөв, авах ёсгүй гэх мэтээр хоёр талын асуудлууд яригдаад байна л даа?

-Яг үнэн, төр засаг ер нь бизнес, аж ахуйн ажилд нэг их оролцолгүй хуулиа зөв батлаад, хуулиа сахиулаад, түүндээ хяналт тавих ёстой. Аливаа юманд чанартай чанаргүйгээс гадна стандартын ялгаа гэж бий. Жишээлбэл, Оросын холбооны улсын стандарт, манай стандартын зөрүү гэж байна. Гэхдээ стандарт бол хуулиар баталсан зүйл, тиймээс манай улсын үндэсний стандартыг л хангасан бүтээгдэхүүн оруулж ирэх ёстой. Энэ нь хэрэглэгчид бид төр засгаас бус шатахуун импортлогчдоос чанар нэхэх хэрэгтэй.

Эх сурвалж: ТВ-9 телевиз


URL: