“Дотоодод үйлдвэрлэж байгаа шатахуун байхгүй учир импортлогчдоос чанар нэхэе”
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай шатахууны чанар, стандартын асуудлаар ярилцлаа.
Сүүлийн үед шатахууны чанартай холбоотой асуудал их яригдаж байна. Бид үнэхээр чанаргүй шатахуун ашиглаж байна уу. Танай холбооноос ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Манай шатахуун хэрэглэгчдийн холбоо 2017 оноос хойш гурван удаа ажлын хэсэг гаргаж шатахууны асуудалд хяналт тавьж ажилласан. Ийнхүү хяналт шалгалт хийхэд маш их зөрчил илэрч байсан. Тухайн үед хохирсон иргэдтэй холбоо тогтоож, шүүхийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан ч иргэд тууштай байж чаддаггүй. Тэгээд асуудал бүрэн шийдэгдэж үр дүнд хүрэхгүй үлддэг. Хилийн шалгалт сул байгаа учир чанарын шаардлага хангаагүй шатахуун Улаанбаатар хот руу орж ирж иргэдийг хохироож байгаа юм. Хяналт шалгалтыг тогтмол хийх хэрэгтэй.
-Тэгвэл төрөөс чанаргүй шатахууны асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Төрөөс ажлын хэсэг байгуулсан бол үр дүнд хүрэх хэрэгтэй. Иргэдийг хохироож байгаа шатахуун түгээх станцууд байгаад байхад яагаад одоо болтол хаахгүй байгаа юм. Төр хүчгүй байгаагийн л нэг илрэл. Учир нь улсын нөөцийн 85-88 хувийг хувийн хэвшлийн компани бүрдүүлдэг. Хэрэв хувийн хэвшлийн компани хаалгаа баривал улсын нөөц тасрах асуудал үүснэ. Тиймээс төр эхлээд Монгол Улсын шатахууны 3-4 сарын хэрэгцээний нөөцийн сав, агуулах барих хэрэгтэй.
-Цаашид шатахууны чанартай холбоотой хяналт шалгалтыг сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Шатахууны асуудлыг олон нийтийн дунд эрэлттэй сэдэв болсных нь дараа биш шатахуун анх хилээр орж ирэхэд нь л шинэчилж тогтмол хянах хэрэгтэй. Манай мэргэжлийн холбоо энэ асуудал дээр хяналт шалгалт хийж ажиллах талаар хэлэлцэж байна. Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа шатахуун байхгүй учир импортлогчдоос чанар нэхэе.
-Манай Улсад шатахууны чанарыг шалгах лаборатори хэр хүрэлцээтэй байдаг талаар дэлгэрүүлэхгүй юу. Хяналт шалгалт хийхэд тулгамдаж буй асуудал нь юу байна?
-Ашигт малтмал газрын тосны газарт нэг лаборатори байдаг. Тус лаборатори нь ажилладаггүй. Улсаас хоёр гурван тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг. Гэвч газрын тосны бүтээгдэхүүнээ шинжүүлэх гэхлээр сорьц дууссан, техникч байхгүй зэрэг тайлбар өгдөг. Уг нь лабораториа байнга ажиллуулах хэрэгтэй. Мөн сар болгон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байх шаардлагатай. Хэрэв хяналт шалгалтаар зөрчил илэрвэл тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг, торгодог зохицуулалттай болох нь зөв. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт тусдаа лаборатори байх хэрэгцээ маш их байна. Хөшөөнд 30 тэрбум төгрөг зарцуулж байхаар лаборатори авчихвал иргэд эрүүл чанартай хоол хүнс идэж, чанартай шатахуун хэрэглэх боломжтой.
-Танай холбоонд шатахуунтай холбоотой хэр их гомдол, мэдээлэл ирдэг вэ. Арга хэмжээ авч байсан тохиолдол бий юу?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд таван мянган гомдол, мэдээлэл ирсэн. Баримттайгаа ирвэл шүүхэд хандаж шийдвэрлэж өгөх саналыг бид тавьдаг. Гэвч иргэд байдаг асуудал мэт хохироод өнгөрдөг. Асуудлаа шийдэх гэж тууштай явдаггүй. Арга хэмжээний хувьд торгууль оногдуулж байсан. Одоо Улсын их хуралд ашигт малтмал газрын тосны хууль орж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд тогтолцоог нь өөрчлөх тал дээр анхаарах хэрэгтэй.
-Төр шатахууны үнийг чөлөөлсөнтэй холбоотой ямар асуудал үүсэж байна вэ?
-12 дугаар сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өссөн. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнэ буух шаардлагатай. Тиймээс шатахуун импортлогч кампаниуд зах зээлийн журмаар явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгж байж асуудал үүсэхгүй.
-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хяналт, шалгалтын дүнг ил болгох талаар санал хүргэсэн. Танай холбоо энэ асуудал дээр хэрхэн ажиллах боломжтой байна вэ?
-Бидний зүгээс хөндлөнгийн шалгалт хийж ажлын хэсэг дээр хамтарч ажиллах боломжтой. Бидний зүгээс хяналт шалгалтыг шуурхай бодитой хийж өгөх боломжтой байна. Хяналт шалгалтын дүнг нээлттэй явуулах хэрэгтэй.
URL: