“Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй гээд тайвширч болохгүй”
Коронавируст халдвар Ковид-19 өвчний Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө.
Тухайлбал гадаадаас ирж буй иргэдээс авч буй хил дээрх түргэвчилсэн болон ПГУ шинжилгээнд илүү анхаарч алдаа гаргахаас сэргийлж бүх арга хэмжээг авч ажиллах, хил дээр авсан шинжилгээнд сөрөг гарч гэртээ 10 хоног тусгаарлагдах иргэдэд мэдээллийг сайн өгч 4 дэх өдөр нь авах шинжилгээг цаг тухай бүрт нь авч, хяналтаа нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.
Омикрон хувилбар дотоодод бүртгэгдээгүй учраас тайвширч болохгүй. Болзошгүй эрсдлээс хамгаалж нэн тэргүүнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх дээр анхаарах нь чухал. Иймд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх чиглэлд зохих арга хэмжээ авч ажиллахаар болов.
Дельта вирусийн дэгдэлтийн үед авч байсан ор дэлгэлтийн арга хэмжээгээ сайжруулах замаар Омикрон хувилбар дэгдсэн нөхцөлд орыг хэрхэн дэлгэж, ямар арга хэмжээ авахаа төлөвлөж, нөөцөө бүрдүүлэх чиглэлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрыг анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Учир нь АНУ, Англи зэрэг улсад Омикрон хувилбар нь Дельтагаас хэд дахин илүү тархалттай байгаа учраас бэлтгэл ажлыг маш сайн авах нь чухал юм. Дээрх үүрэг чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлаа энэ 7 хоногтоо багтааж танилцуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд чиглэл болгосон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
URL: