Н.Түвшинбаярыг тодорхойгүй хугацаагаар цагдан хорьжээ

Н.Түвшинбаярыг тодорхойгүй хугацаагаар цагдан хорьжээ

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.
Шүүхээс Н.Түвшинбаярт хувийн баталгаа гаргах /батлан даалт/ таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв. Гэвч хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийн хүсэлтээр яллагдагчийг өчигдрөөс /2021.12.21/ тодорхойгүй хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 24-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.
Ташрамд мэдээлэхэд хохирогч Э.Энхбат БНСУ-д найман сарын турш эмчлүүлээд энэ сарын 19-ний өдөр эх орондоо ирж “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хохирогчийн гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудсандаа “Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юм сан. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно” хэмээн бичжээ.


URL: