ХЗБХ: Нийтийн сонсгол зохион байгуулах тов болон ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоолоо
Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүнээс Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналтай холбогдуулан “Нийтийн сонсголын тов тогтоох”, “Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулсан байна. Төслүүдийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар 25.6 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах нийтийн сонсголыг 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна. “Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төсөлд ажиглагчийн тоо 10 хүртэл байхаар, нийтийн сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор тусгасан байна.
Төслүүдийн талаарх танилцуулгуудтай холбогдон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлж, санал гаргасан боловч нийтийн сонсголыг зохион байгуулах товыг өөрчлөх горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд дээрх тогтоолуудыг батлах санал хураалтыг тус бүрд нь явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний олонх дэмжиж баталлаа.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоолоо
Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, С.Бямбацогт дарга энэ талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнтэй байхаар болсон. Үүгээр тус Комисс орон тооны зургаан гишүүнтэй байхаар болсон бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлага үүссэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос холбогдох шийдвэрийг гаргаж 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан байна. Энэ хугацаанд нэр дэвших хүсэлт ирээгүй, иймд материал хүлээн авах хугацааг дахин 15 өдрөөр сунгасан гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулав. Энэ хугацаанд хоёр хүн материалаа ирүүлсэн боловч нэг нь нэрээ татаж, хоёр дахь оролцогч өөр ажилд томилогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг дахин тогтоох шаардлага үүссэн гэлээ. Төсөлд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авахаар тусгажээ.
Байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн юм. Дараа нь Байнгын хорооны “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн юм.
URL: