Сансрын хөлөг анх удаа нарны гадна агаар мандалд хүрлээ


АНУ-ын Сансрын агентлаг NASA-гийн хөлөг нарны гадна агаар мандлын дундуур ниссэн нь түүхэн явдал болов гэж BBC мэдээллээ.

Нарыг судлах “Parker” сансрын хөлөг нарны “титэм (одыг хүрээлдэг плазмын хүрээ)” хүрдэг гадна агаар мандалд хүрсэн бөгөөд түүгээр хэсэгхэн зуур нисээд амжжээ.

Энэ явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ч мэдээллийг нягталсны эцэст ийнхүү зарлаж байгаа аж.

“Parker” нарны хэт халуун хэмийг тэсвэрлэснээс гадна хэрэгтэй мэдээллийг цуглуулсан гэж NASA-гаас мэдэгдсэн.

NASA-гийн Гелиофизикийн шинжлэх ухааны хэлтсийн дарга Никола Фокс “Хүн төрөлхтөн саран дээр газардсан нь сарны үүслийг судлахад тусалсан шиг наранд ойртох нь бидэнд хамгийн ойр орших одыг судалж, нарны аймагт хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгээ дээшлүүлэх маш том боломж” гэв.

Гурван жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн Parker хөлөг 500 мянган км/цаг хурдтай нисдэг бөгөөд нарны гадаргад хурдан нэвтэрч, хурдан гарах зорилготой байжээ.

Эх сурвалж: BBC


URL: