“Улаан шугам” баримтат уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

“Ковид-19”-өөр үүсгэгдсэн цар тахал гэж чухам ямар халдварт өвчин болох, иргэд хэрхэн нүүр тулж эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа болон бусад байдлаар хохирч байсан, цар тахлыг даван туулахын тулд хамтаараа, улс орноороо, тэр дундаа эрүүл мэндийн салбар, эмч, мэргэжилтнүүд галын шугамд яаж ажиллаж, тэмцсэн хийгээд энэ үед гарсан алдаа, оноо бүхэн нь бидэнд, бидний хойч үед түүх, туршлага, сургамж болох юм. Тиймээс ч дэлхийн улс орнууд “Ковид-19” цар тахалтай хэрхэн нүүр тулсан талаарх өөрийн орны түүхийг “Front line”, “Together strong” зэрэг уран бүтээл болгон баримтжуулан авч үлдэж байна.

SmartSelect_20211214-172421_Messenger

Үүний нэг нь “Vast Mongolia” продакшины бүтээсэн “Улаан шугам” баримтат кино юм. Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 6 дугаар сараас өрнөж, 2021 оны 9 сар хүртэл үргэлжилнэ. Мөн “Ковид-19”-ийн халдвар дотоодод алдсан 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 8 дугаар сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад үйл явдал, тоо баримтууд зохиолд бүрэн тусгагджээ.

Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүх дээр тулгуурлан кино зохиолыг гаргасан байна.

Зураг авалтыг цар тахлын үед “Ковид-19”-ийг эмчлэх эмчилгээ үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага болох НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг арваад байгууллагад хийж гүйцэтгэжээ.

Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай хийсэн байна. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьж, хамтран ажиллажээ.

“Улаан шугам” баримтат кино энэ сарын 18-ны өдөр телевизүүдээр олон нийтэд анх удаа хүрэх бөгөөд энэхүү нээлтэнд зориулсан хэвлэлийн хурал энэ сарын 15-нд буюу нөгөөдөр 12:00 цагт Анкор төвд болох юм байна.

Тус хэвлэлийн хуралд ерөнхий продюсер Ц.Нинжжамц, ерөнхий найруулагч Д.Батбаяр, кино зохиолыг бичиж редакторласан Д.Даваадулам, ерөнхий зураглаач Э.Алтан-Очир, продюсер Э.Энхтүвшин нарын уран бүтээлч оролцох ажээ.

 


URL: