Ж.Ассанж Их Британийн шоронд цус харважээ
“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2019 оноос хойш хоригдож байгаа Лондоны чанга дэглэмтэй Белмарш шоронд цус харважээ.
Энэ тухай “Daily Mail” сонинд түүний сүйт бүсгүй Стелла Мориссын мэдэгдлээс эш татан ням гарагт мэдээлсэн байна.
Уг хэвлэлд мэдээлж буйгаар, Ассанж 10 дугаар сарын 27-нд Лондоны Дээд шүүхийн хуралд дүрс бичлэгээр холбогдож оролцож байхдаа цус харважээ. Тархины цус харвалтын дараа Ассанжийн баруун зовхи унжиж, ой санамж нь муудаж, мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг илэрсэн байна. Ассанж тархины MRI шинжилгээ хийлгэсэн бөгөөд одоо харвалтын эсрэг эм ууж байгаа аж. Морриссийн үзэж байгаагаар, удаан үргэлжилсэн шүүх хурлын явцад үүссэн стресс, мөн эрүүл мэндийн байдал нь ерөнхийдөө муудсанаас цус харвасан байна.
“Жулиан тэмцсээр байгаа бөгөөд энэ бичил цус харвалт нь илүү ноцтой харвалтын дохио байж магадгүй гэж би айж байна” гэж Ассанжийн сүйт бүсгүй хэлжээ.
Их Британийн Хууль зүйн яам дээрх мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
Өмнө нь Лондоны Дээд шүүх Ассанжийг шилжүүлэн өгөх тухай АНУ-ын давж заалдах хүсэлтийг хангасан байна. Хүсэлтийг 10 дугаар сарын 27, 28-нд хэлэлцсэн боловч шүүхийн шийдвэрийг 12 дугаар сарын 10-нд л мэдээлжээ.
Одоо хэргийг анхан шатны шүүх буюу Вестминстерийн магистратын шүүх рүү буцаах бөгөөд тус шүүх урьд нь өдгөө 50 настай Австралийн иргэнийг амиа хорлох эрсдэлтэй тул АНУ-д шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм.
Эх сурвалж: Montsame.mn
URL: