Өвлийн олимпийн эсрэг “бойкот”-д Франц улс нэгдэхгүй

1_122036834_072517954-1Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын Бээжин хотноо Өвлийн олимп-2022 хоёрдугаар сард болно. Гэвч Хятад улсын хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор АНУ, Англи, Канад болон Австри улс өвлийн олимпод Засгийн газрын төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдсэн.

Тодруулбал, Хятадын Засгийн газар Уйгур болон бусад цөөнхийн эрхийг зөрчиж, тэднийг эсрэг хүч хэрэглэж байна хэмээн эдгээр улс буруутгаж байгаа юм. Харин энэ “бойкот”-д Франц улс нэгдэхгүй гэдгээ ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв.

Үүнээс гадна Хонгконгийн улс төрийн эрх чөлөөг боомилсон, Засгийн газрын өндөр албан тушаалтан дэлхийд алдартай теннисний тамирчин Пен Шуайд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутгагдсан зэргээс үүдэн дээрх орнууд болон Хятадын харилцаа муудсан юм. Харин Хятадын зүгээс “бойкот” зарласан орнуудад хандан “Тэд алдаатай үйлдлийнхээ төлөөсийг төлнө” хэмээн мэдэгдсэн юм.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Олимпийг улс төржүүлэх шаардлагагүй. Та бүхэн нэг бол бүрэн “бойкот” зарлаж, тамирчдаа ч олимпод илгээхээ болих хэрэгтэй. Үгүй бол үйлдлээ ашигтайгаар өөрчлөхийг хичээ. Бид тамирчдаа хамгаалах дүрэм дээр Олон улсын олимпийн хороотой хамтран ажиллана” гэж хэвлэлийн бага хурлын үеэр пүрэв гарагт мэдэгджээ.

Эх сурвалж:BBC


URL: