Гадаад худалдааны бараа эргэлт 15 тэрбум долларт хүрч өсчээ
Улсын нийт экспортын 86 орчим хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, нефтийн худалдаа бүрдүүлж байна.
Эрдсийн экспортод зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тодруулбал, оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд буй ч орлого 2.8 тэрбум ам.долларт хүрч, 85.5 хувиар дээшилжээ. Тунгаасан зэсийн экспортын орлого 83.3 сая ам.доллартай тэнцэж 141.3%-иар нэмэгдсэнээр хамгийн өсөлттэй түүхий эдээр нэрлэгдэж байна.
Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн мэдэгдэхүйц өсөлттэй байна.
Нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болов.
URL: