Ж.Ганбаатар: Төв замуудыг улс засдаг бол бусад холбоос замуудыг дүүргээс засаж байна
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр Баянгол дүүргийн хэмжээнд хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Тус дүүрэгт шинээр тавих зарим замуудын тухайд, 21 дүгээр хороо, Горькийн 11-р гудамжаас Амар зах хүртэлх 430 метр авто зам, 9 дүгээр хороо, Давааны 2-р гудамжийн 665 метр зам, 10 дугаар хороо, Наран дэлгүүр болон 22 дугаар хорооны замтай холбох 788 метр авто зам, мөн 10 дугаар хорооны 27-р байрнаас 7 дугаар гудамжийн 2 тоот хүртэлх 483 метр авто замыг тус тус шинээр барихаар төлөвлөжээ. Дээрх замыг явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн тохижилттойгоор хийх юм байна.
Ж.Ганбаатар гишүүнийг авто замын ажилтай танилцах үеэр бид зарим зүйлийг тодруулсан юм.
-БГД-т хийгдэж буй зам талбайн бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-2021 онд улсын төсвийн санхүүжилтээр 28.3 тэрбум төгрөгийн авто замын ажил хийхээр миний бие санаачлан дэмжиж, санхүүжилтийг төсөвт тусгуулсан. БГД-т 19 хорооны 79 байршилд, нийт 22.4 км талбайг хамрахаар байгаа нь харьцангуй том бүтээн байгуулалт болж байгаа. Өнөөдрийн байдлаар замын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай явж байна. Дүүргийн зүгээс талбай чөлөөлөх чиглэлд маш шуурхай, санаачлагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Зам бол иргэдийн амьдрах орчны тав тухыг хангах суурь дэд бүтэц тул энэ онд замын ажилд голлон анхаарсан.
-БГД-ийн хувьд шинээр барих, засах авто зам, тохижилтуудын байршлыг ямар шалтгаан нөхцөлд үндэслэн тодорхойлсон бэ?
-Үүнд олон асуудлыг дурьдаж болно. Гол нь том том трасс замуудыг улс засаад байдаг. Харин орон нутгийн шинж чанартай, байрнуудын дундах гэх мэт төв замуудыг холбосон замууд үлдчихээд байсан. Тиймээс энэ замуудыг засч байгаа юм. Дүүргийн өмнөх удирдлагууд байшин барилгад их анхаарал хандуулсан юм шиг байгаа юм. Харин бид энэ жилээс ногоон байгууламж, зам, байрны дулаалга зэрэг иргэдийн ая тухтай амьдралын төлөө улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтуудыг зарцуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэр шаардлагын дагуу ажиллаж байна.
-Ер нь бүтээн байгуулалтын ажил улирлын хувьд арай хожуу эхэлж, удаашрах хандлагатай байдаг. Эсвэл тухайн жилдээ дуусгаж амжихгүй гэх асуудал үүсдэг. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-Өнөөдөр ихэнх ажлууд жигдэрсэн байх ёстой боловч тендерийн хууль, сонгон шалгаруулалт, хоорондын бас бус маргаан зэргээс болоод ажил нэлээд удааширч байна. Үүнийг төсөв яригдаж байгаа энэ үед засаж залруулах ёстой. Уг нь болж өгвөл төсөв батлагдангуут тендерээ шалгаруулаад жилийн эхэн гэхэд ажлууд нь эхэлчихсэн, компаниуд нь шалгарчихсан байвал зүгээр. Компани шалгарах гэж явсаар байгаад энэ ажил удааширдаг шиг байгаа юм. Тэгээд та бүхэн мэдэж байгаа, Тендерийн хуулиараа Монголд хамгийн хямдхан зарласан компани л шалгардаг. Энэ асуудлыг бас бид засаж залруулах ёстой. Хувийн компаниудын хийж байгаа зам өөр байдаг. Харин тендерээр шалгарсан компаниуд хөрөнгө мөнгөндөө тааруулаад л хийж байгаа, ер нь асуудлууд байна. Үүнийг бид цаашид залруулж сайжруулаад явах ёстой.
-Энэ жил замын ажлыг голчлон анхаарч ажиллаж байна гэсэн. Ирэх жилд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ирэх жилүүдэд гудамж талбайн тохижилтод илүү анхаарсан бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
URL: