Ө.Сумъяабаатар: БГД-т сургууль, цэцэрлэгийн орчмын замуудыг засаж, шинэчиллээ
Нийслэлийн Баянгол дүүрэгт 2021 онд 28.2 тэрбум төгрөгөөр зам засвар, шинэчлэлийн ажил хийхээр улсын төсөвm тусгажээ. Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар явган хүний зам, авто зам, машины зогсоолыг шинээр барьж, зам тагласан гараш, зөвшөөрөлгүй байршуулсан чингэлэгүүдийг чөлөөлөн тохижуулж байна. Өнөөдөр тус дүүргийн удирдлагууд нийслэлийн 28-р сургуулийн орчимд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ үеэр БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатараас зам талбай чөлөөлөлт, тохижилтын ажлын явцын талаар тодрууллаа.
-БГД-т хийгдэж байгаа зам шинэчлэл, засварын ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Дүүргийн хэмжээнд зам шинэчлэл, засварын зургаан багц ажлын хүрээнд 22.7 км зам барихаар төлөвлөсөн. Үүнээс 9.3 км нь сургууль, цэцэрлэг, орон сууцны орчим, 3.3 км нь гэр хороололд, 10.1 км нь төв болон туслах гудамж замд хийгдэж байна. Энэ жил замын бүтээн байгуулалтыг хийхдээ аль болох сургууль, цэцэрлэгийн орчим эцэг эхчүүд, хүүхдүүд явахад хүндрэлтэй байдаг замуудыг сонгон засаж, шинэчиллээ. Үүний нэг нь 28-р сургуулийн зам засварын ажил юм.
-Тухайлбал, 28-р сургуулийн орчмын зам өмнө нь ямар байсан, одоо ямар бүтээн байгуулалтууд хийгдэж байна вэ?
-Энд өмнө нь газар нутгийн байршлаас хамаараад ус их тогтдог, тоос шороо ихтэй, хүүхэд аюулгүй зорчиход хүндрэлтэй байсан. Одоогийн байдлаар сургуулийн орчмын 450 метр асфальтан зам нь ашиглалтад орсон, сургуулийн чанх урд 20 машины зогсоолыг шинээр байгуулаад байна. Одоо нэмээд хурд сааруулагч, гэрэлтүүлэг, камержуулалт, замын тэмдгүүдийг байршуулна. Замын ажил дууссанаар долоон метрийн өргөнтэй, хоёр талаараа 1.5 км явган хүний замтай, гэрэлтүүлэг, камержуулалттай иж бүрэн тохижуулсан зам болж байгаа юм.
-Дүүргийн хэмжээнд 22.7 км зам барихаар төлөвлөсөн гэсэн. Одоогийн байдлаар засвар шинэчлэлтийн ажлыг өөр ямар байршлуудад хийж байгаа вэ?
-Томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас товч дурьдах юм бол, 18, 19 дүгээр хороо, “Од” кино театрын голын зам буюу 60-р байрнаас “Шинэ Дорно” зоогийн газар хүртэлх замыг өргөсгөн явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр барьж байна. 17, 18, 19 дүгээр хороо, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.066 км авто замын өргтгөл шинэчлэлийн ажил буюу Модны хоёрын замын ажил хийгдэж байна. 4 дүгээр хороо, Арктай шар байрны урд, 20 дугаар сургуулийн хойно хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууссан, одоо ойр орчмын иж бүрэн тохижилтын ажлыг хийж байна. 15 дугаар хороо 30, 29, 28-р байрны авто замын засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Мөн БГД-ийн 9, 10, 11, 21 дүгээр хорооны нутагт шинээр зам тавьж байна.
Энэ жил бид нийтийн эдэлбэр газарт болон зам, орц, гарц хааж барьсан зөвшөөрөлгүй хашаа, гарашуудыг буулгаж зам талбайгаа чөлөөлөн засвар, шинэчлэлт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
URL: