УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийсэн айлчлалаа дуусгаж, эх орондоо ирээд гэрийн тусгаарлалтад оров
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.
2021 оны арван хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкар, Төмөрлөгийн сайд Рам Чандра нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын болон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.
Айлчлалын үр дүнд Монгол, Энэтхэгийн хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны үйлдвэрийн төслийг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусган, үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар хоёр тал хамтын хүчин чармайлт тавих нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Түүнчлэн Энэтхэгийн мэдээллийн технологийн ололт амжилтаас суралцах, Монгол Цахиурын хөндийг Улаанбаатарт байгуулахад хамтран ажиллах, соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын харилцааг идэвхжүүлж, “Болливуд”-тай кино урлагийн салбарын хамтын ажиллагаа эхлүүлэх, тус студийн зарим киноны зураг авалтыг Монголд хийх, Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх зэрэг УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосон асуудлуудыг Энэтхэгийн тал дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Ковид-19 цар тахлын эсрэг хамтран тэмцэж, харилцан тусламж дэмжлэг үзүүлж байгаа сайн жишгийг цаашид үргэлжүүлж, эрчимжүүлэх, парламентын бүлгүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргах нь чухал гэдэгт хоёр тал санал нэгдлээ.
Олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллаж, бие биеийг дэмжиж ирсэн уламжлалаа цаашид хэвээр хадгалж, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхий нийтийн үйл хэрэгт хамтын хувь нэмэр оруулах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотоллоо.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал боллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон айлчлалын баг бүрэлдэхүүн эх орондоо ирээд КОВИД-19-ийн шинжилгээ өгч бүгд “сөрөг” гарсан, мөн Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улс орнуудын жагсаалтад БНЭУ ороогүй байгаа боловч УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу бүх хүмүүс гэрийн тусгаарлалтад орсон байна. Тэрбээр МАН-ын 30-р их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээндээ цахимаар оролцох юм.
URL: