Л.Оюун-Эрдэнэ: МАН ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулна

288001-06122021-1638756407-379436134-man30_hural_oyun_erdene1

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрээр хуралд цугласан олонд мэндчилгээ дэвшүүлж “Одоогоос 100 жилийн тэртээ улс орны тусгаар тогтнол алдагдсан нэн хүнд үед манай намын анхдугаар их хурал хуралдаж байлаа. Эх орноос харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулах, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах нь гол зорилт байжээ. Өнөөдөр манай намын 30 дахь удаагийн хурал  ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн амаргүй үед зохион байгуулагдаж байна. Монгол ардын нам өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдож байна.

Эрхэм журмын нөхөд өө, 1921 онд С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын эх орончид нэгдэн, Монголын улс төрийн ууган хүчин, Монгол ардын намыг үндэслэн байгуулжээ. Ардын хувьсгалыг удирдаж ялалтанд хүргэсэн, Ардын хувьсгалын анхны долоон баатраа 100 жилийн ойн намын 30 дугаар их хуралд босож хүндэтгэл үзүүлье” гэлээ.

Үргэлжлүүлэн “1921 оны Ардын хувьсгал бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, даяар Монголынхоо гал голомтыг сэргээн мандуулах их тэмцэл байсан. 1911 онд Наймдугаар Богд Жавзандамба хутагт болон М.Ханддорж, Г.Цэрэнчимэд, Т.Намнансүрэн тэргүүтэй эх орончид үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлсан түүхтэй. Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд тусгаар тогтонолоо хамгаалж, 1945 ны ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолынхоо төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн турш мятаршгүй тэмцсэний үр дүнд 1961 оны 10-р сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04:15 цагт төрийн далбаагаа НҮБ-д мандуулж, эзэн Чингис хааныхаа байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж даян дэлхийд тунхаглан зарлаж чадсан юм.” гэв.

 


URL: