БНЭУ-Д КОКСЖИХ НҮҮРС ЭКСПОРТЛОХ ТУРШИЛТЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ
Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалаар яригдаж байгаа гол сэдвүүдийн нэг нь Монгол улс коксжих нүүрсээ БНЭУ-д экспортлох тухай асуудал байлаа.
Айлчлал БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям Жайшанкартай хийсэн уулзалтаар эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжлээ.
Мөн Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг солонгоруулах, худалдааны шинэ урсгалыг нээх боломжийг дэмжиж, тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлэхийг хүсч байна. Энэ хүрээнд Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНЭУ-ын Төмөрлөгийн сайд Рам Чандратай уулзах үеэр тэрбээр Энэтхэг улсад коксжих нүүрс экспортлох асуудлыг дэмжих, харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход УИХ-ын даргыг анхаарал хандуулахыг хүслээ.
Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд монголын тал онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд туршилтын тээвэрлэлтийг аль болох ойрын хугацаанд эхлүүлэх чиглэлд энэтхэгийн талтай хамтран ажиллаж байна.
URL: