Өнөөдөр Английн суваг доорх тунель нийлсэн өдөр

258867753_6489090424495308_3111052187427572575_n1990 оны 12-р сарын 01-ний өдөр Английн иргэн Грэм Фаг /Graham Fagg/, Францын иргэн Филиппе Козет /Phillippe Cozette/ нар хоёр улсын хэвлэл мэдээллийнхний дуран хараан дор гар барьж, нэгэн хонгилоор нэвтэрцгээв. Энэ бол хамгийн гүн хэсэгтээ далайн түвшнээс доош 115 метрийн гүнд байрлах Англи, Францыг холбосон “Сувгийн тунель” /The Channel Tunnel/ хоёр талаас явсаар, Английн сувгийн /English Channel/ Доверын хоолойн /Strait of Dover/ орчимд, газар дор уулзаж байгаа түүхэн үйл явдал байсан юм. Энэхүү түүхэн цаг мөчийг гэрчлэн хамт байлцсан BBC сувгийнхан “Грэм Фаг 8,000 жилийн дараа Английн сувгийг хуурай газраар гаталсан анхны хүн боллоо” хэмээж байв. (8,000 жилийн өмнө Британы арлыг Европтой залгаатай байсан гэж үздэг.)
Инженерүүдийн тооцооллын гайхамшгийг харуулсан үйл явдал болсон нь хоёр улсын талаас зэрэг ухан, голдоо нийлсэн хоолойнууд ердөө 36,2 см-аар л зөрсөн явдал юм.
Төслийн санаа саяхных биш бөгөөд тэртээх 1802 онд Францын уул уурхайн инженер Альберт Матью-Фавье /Albert Mathieu-Favier/ Ла Маншийн хоолойн доогуур тосон гэрэлтүүлэг бүхий голдоо морь солих, морин жолоочид байрлах хиймэл арал бүхий хонгил хийх санааг гаргаж байжээ. Түүний төсөлд хоёр давхар хонгил тусгагдсан байсан бөгөөд дээд хонгилоор морин тэрэг бүхий тээвэр хийгдэх бол доод хонгилоор гүний усны урсгалыг зохицуулахаар төлөвлөгдсөн байв.
1839 онд мөн л Францын иргэн Айме Томе де Гамонд /Aimé Thomé de Gamond/ одоогийн тунель байрлаж байгаа цэг буюу Английн сувгийн хамгийн нарийн хүзүүвч болох Довер хоолойн эрэгт анхны геологи, гидрографийн судалгаа хийжээ. Тэрээр судалгаан дээрээ үндэслэн 1856 онд 3-р Наполеонд 170 сая франкийн өртөгтэй төмөр зам явах хонгилын төслөө танилцуулж байв.
May be an image of text that says 'United Kingdom France 100 m 5 km Grey Chalk Chalk Marl Glauconitic Marl Gault Clay Tunnel Meeting point'Үүнээс хойш хэд хэдэн бодит саналууд яригдаж байсан боловч нэг нь ч тодорхой ажил хэрэг болоогүй юм. Харин 1876 онд анх удаа сувгийн доогуур төмөр зам /Channel railway tunnel/ барих Англи-Францын протокол албан ёсоор байгуулагдаж байжээ.
1881 онд ажил харьцангуй бодит болж эхлэв. Английн төмөр замын бизнес эрхлэгч сэр Эдвард Уоткин /Sir Edward Watkin/ болон Францын Суэцийн сувгийн гүйцэтгэгч Александр Лавалли /Alexandre Lavalley/ Англи-Францын усан доогуурх төмөр замын компаний хүрээнд сувгийн хоёр талд хайгуулын ажил хийсэн. Английн талд Шекспирийн хаднаас /Shakespeare Cliff/ эхлэн Бомонтын 2,13 метр диаметртэй өрмийн машиныг ашиглан 1,893 метр туршилтын хонгилыг ухсан. Францын талд ч ижил төрлийн машинаар Сангатт /Sangatte/ орчмоос 1,669 метр ухсан. Гэвч Британы хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээнд хонгил нь улсын үндэсний батлан хамгаалах үйлсэд сүйрэл авчирна гэсэн компанит ажил, ухуулга хийсний улмаас 1882 оны 05-р сараас зогсов. Тэгэхдээ энэхүү хоёр эхлэлийн хонгил 100 гаруй жилийн дараа “Сувгийн тунель” төслөөр уулзалдсан юм.
1920-оод оны үед Британы ерөнхий сайд асан Дэвид Ллойд Жорж /David Lloyd George/, Уинстон Черчилль /Winston Churchill/ нар сувгийн ажлыг үргэлжлүүлэх талаар санал дэвшүүлж байсан боловч Францын тал ач холбогдол өгөхгүй, мөн цэргийн зүтгэлтнүүд энэхүү хонгил нь дайсан этгээдүүдийн гарт орвол эргээд улс орны аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн айдастай байв.
1955 он гэхэд агаарын хүчин бүх асуудлыг шийдэж эхлэсэн тул тунелийн батлан хамгаалахын ач холбогдол буурч, Их Британи, Францын засгийн газрууд техникийн болон геологийн судалгааг дэмжиж эхлэв. 1964 онд хоёр улс тунелийг барихаар тохиролцож, 1974 онд сувагт хонгил байгуулах машиныг байрлуулах төмөр замын барилгын ажил засгийн газруудын санхүүжилтээр эхэлсэн боловч 1975 оны 01-р сарын 20-нд Британы зүгээс төсөвт өртөг хоёр дахин өссөн, эдийн засгийн хямралтай байна хэмээн төслийг цуцалсан нь түнш Француудыг бухимдуулав.
1979 оноос ганц сувагтай хувийн санхүүжилттэй төсөл ахин энэ цэгт анхаарлыг төвлөрүүлэв. 1981 онд тухайн үеийн Английн ерөнхий сайд Маргарет Тетчер, Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран нар хувийн хэвшлийн санхүүжилттэй төслийг судлах баг гаргаж тус баг 1982 оны 06-р сард хос тунелийг илүүд үзэж байгаагаа танилцуулсан. 1985 оны 04-р сард уг тунельд төслийн санал авахад дөрвөн санал ирсэн. Ингээд 1986 оны 01-р сард Channel Tunnel Group/France–Manche төсөл цор ганцаар шалгаран үлджээ. Төслийг сувгийн усан тээвэрт хамгийн бага саад учруулсан, байгаль орчныг хамгийн бага байдлаар хөндсөн, терроризмаас хамгийн сайн хамгаалагдсан, хувийн хэвшлийн санхүүжилтийг хамгийн сайн татах боломжтой хэмээн шалгаруулжээ.
May be an image of map and text that says 'United Kingdom Dover Folkestone Channel Tunnel Calais France'Ингээд 1988 оноос хонгилыг ухаж эхлэсэн бөгөөд галт тэрэгний хоёр хонгил, үйлчилгээний нэг хонгил болон бусад дагах хэсгүүдийг барихын тулд хоёр талаас ижилхэн 11 хонгил ухагч машинтайгаар ажлаа эхлүүлжээ. Газар дээрх эхлэлийн станцууд нь Черитон /Cheriton/ болон Кокуэллэс /Coquelles/ гэх газруудад байрлаж Английн М20, Францын А16 хурдны замуудтай холбогдсон. 1985 оны ханшаар төслийн нийт өртөг 4,65 тэрбум фунт болсон нь зардал 80% хэтэрсэн үзүүлэлт байлаа. Барилгын ажлын оргил үед 15,000 хүн ажлын байраар хангагдаж, өдөрт гарах зардал 3 сая фунтээс давж байв. 1987-1993 оны хооронд барилгын ажлын үеэр 10 ажилтан амь үрэгдсэний 8 нь Британы талд байв.
1990 оны 11-р сарын 30-нд 50 мм диаметртэй нүх үүссэн нь ёслол хийх цаг болсныг анхааруулсан бөгөөд 12-р сарын 01-нд хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан албан ёсоор хоёр сувгийг холбосон.
May be an image of train and railroadХарин албан ёсны нээлт 1994 оны 05-р сарын 06-нд Кале /Calais/ болон Фолкстоун /Folkestone/ хотуудад төлөвлөсөн хугацаанаас нэг жилээр хоцорч болсон бөгөөд Хатан хаан 2-р Элизабет, Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран нар ёслов.
Нийт 50,46 км үргэлжлэх тунель нь дэлхийн гурав дахь хамгийн урт төмөр замын тунель болдог бол усан дорхи 37,9 км хэсэг нь дэлхийн хамгийн урт далай доорхи тунель болдог байна. Хамгийн нимгэн хэсэгтээ далайн ёроолоос 75 метр газраар тусгаарлагддаг бол, хамгийн гүн хэсэг нь далайн түвшнээс доош 115 метрт байх тунелиэр нэвтрэн өнгөрөх галт тэрэгний дээд хурд нь 160 км/цаг.
2017 онд тунелийн төмөр замаар Евростар 10.3 сая зорчигч, 1.22 сая тонн ачаа тээвэрлэсэн бол Шаттл 10.4 сая зорчигч, 2.6 сая автомашин, 51.000 вагон, 1.6 сая ачааны машин (21.3 сая тонн ачаатай тэнцэх) хоёр эргийн хооронд тээвэрлэсэн байна.
Эх сурвалж: Хашир Анжгай ингэж хэлэв блогоос…

URL: