Грек улс вакцин тариулахаас татгалзсан 60-аас дээш насны иргэдээ торгохоор болжээ
Грек улсын засгийн газар өчигдөр 60-аас дээш насны иргэдээ коронавирусийн эсрэг вакцинжуулалтад албадан хамруулах шийдвэр гаргажээ.
Ирэх оны нэгдүгээр сарын дундаас эхлэн вакцинжуулалтад хамрагдаагүй сар тутамд нь өндөр настнуудыг 100 еврогоор торгох болсноо Грекийн ерөнхий сайд Кирякос Мицотакис мэдэгдсэн байна.
Торгуулийн мөнгө цар тахлын улмаас туйлдаад байгаа тус улсын эрүүл мэндийн салбарыг сайжруулахад зарцуулагдах гэнэ. Одоогоор Грек улсын 11 сая хүн амын 63 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа.
Нийт 520,000 орчим 60-аас дээш насны иргэд хамрагдаагүй үлдсэнийг албаны тоо баримт харуулж байна.
“60-аас дээш насны грекчүүд нэгдүгээр сарын 16 гэхэд эхний тунгаа заавал тариулсан байх шаардлагатай. Энэ өдрөөс хойш вакцинжуулалт албадлагын чанартай болно” гэж ерөнхий сайд мэдээлжээ.
Шийдвэрийг парламентаар батлуулах ёстой ба парламентын гишүүдийн олонх уг шийдвэрийг дэмжиж байгаа тул батлагдах нь тодорхой гэж тэр бас хэлсэн байна.
Европын олон оронд эрсдэлтэй салбарын ажилтнуудыг албадан вакцинжуулалтад хамруулж байгаа. Харин Грек улс тодорхой насны бүлгийн хүмүүсийг албадан вакцинжуулсан Европын анхны улс болох гэж байна.
Австри улс ирэх оны хоёрдугаар сараас эхлэн бүх иргэдээ албадан вакцинжуулалтад хамруулахаар болсон нь тивдээ хамгийн хатуу арга хэмжээнд тооцогдож байгаа.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Грек улсад 18,000 гаруй хүн коронавирусийн халдвараар нас баржээ.
Эх сурвалж: BBC
URL: