Твиттер бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглов
Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттер өчигдөр танилцуулсан шинэчлэгдсэн журамдаа бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох заалт нэмжээ.
Гэхдээ олны танил бус хүмүүст энэ журам үйлчлэх юм байна. Хэрвээ хэн нэгэн тухайн хүний гэрэл зураг, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн бол Твиттер компанид мэдэгдээд устгуулж болох ажээ.
Твиттер компаниас гаргасан мэдэгдлээс үзвэл олны танил хүмүүст, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуранд өртсөн хүмүүст, эсвэл нийгэмд хамаатай үйл явдлын зураг, дүрсэнд багтсан хүмүүст уг журам үйлчлэхгүй гэж ойлгогдохоор байгаа юм.
Гэхдээ яг ямар шалгуурын дагуу зураг, дүрсийг устгах, устгахгүйг шийдэх дүрэм тодорхойгүй байгааг Твиттерийн хэрэглэгчид ид шүүмжилцгээж байна.
Хоёр өдрийн өмнө Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси албан тушаалаасаа огцорч, технологи хариуцсан дэд захирал Параг Агравал түүнийг залгамжлахаар болсныг мэдээлж байв.
Бусад сошиал платформуудын нэгэн адил Твиттер компани худал хуурамч мэдээлэл тараах, хувь хүний нэр хүндийг унагах, айлгаж, дарамтлах явдлыг хязгаарлахаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: AFP
URL: