Лам нарын ч “хүсээгүй” бурхны хөшөөг “хүсэн”, чимээгүй дэмжигсэд

sxtWpWBy3DV934MjLPAhЧингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Тасганы овоон дээр “Богд зонхов” бурхны хөшөөг бариад эхэлсэн. Уг хөшөөний зардал болох 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгийг 2022 оны улсын төсөвт батлаад байгаа нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй.

Уг шүүмж Соёлын сайд Ч.Номин руу чиглэсэн бол “Ч.Номин сайд биш, өмнөх Засгийн газрын үед буюу 2021 оны төсөвт баталсан байсан” гэх мэдээлэл халхавч байдлаар хөвөрч байна.

Уг асуудлыг нарийвчлан үзвэл, тухайн хөшөөг анх 5.5 тэрбум төгрөгөөр барихаар 2021 оны улсын төсөв суулгажээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохын өмнөх өдрөө баталж байсан гэх мэдээлэл байна. Харин тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхов байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэх мэдээллийг цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлэв.

Тэгвэл тухайн гурван гишүүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар нар гэх мэдээлэл байна.

Олон нийтийн шүүмжлэл өрнөхөд эзэн олдохоо больж, “хэн ч мэдэхгүй” болчихоод байгаа  уг 32 тэрбумын өртөгтэй хөшөөг бурхны шашныхан буюу лам нар “хүсэхгүй” байгаагаа иргэдийн нэгэн адил илэрхийлж эхэлсэн байна. Тодруулбал, бурхны шашны мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээдэг “Монголын бурхны шашин” цахим хуудаснаа “32 тэрбум төгрөгөөр бурхан барих хэрэггүй ээ. Харин хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэндэд зарцуул. Сэтгэлд гал байхад гэрт гал байна. Бурханыг гаднаас биш дотоод сэтгэлээсээ хайж, бодь сэтгэлийг хөгжүүлэх нь чухал юм. Цөвүүн цаг ирэхэд бурхад томорч (том том хөшөө) хүмүүний сэтгэл доройтно” хэмээх мэдээллийг нийтэлсэн байна.

Өөрөөр хэлбэл, бурхны шашны төлөөллүүдийн хүсэхгүй байгаа хөшөөг УИХ-ын нэр бүхий гишүүд, үе үеийн Сангийн сайд нар, одоогийн Соёлын сайд ихээр хүсэж, төсвөө ч эцэслэн батлаагүй байхдаа хөшөөгөө аль хэдийн бариад эхэлчихсэн байгаа юм.

Эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд анхан шатны суурь хэрэгцээгээ хангаж чадаагүй байж, хөшөө зэрэгт ихээхэн мөнгө зарцуулж байгаа нь нэгэнт шүүмжлэлд өртөж, “хэнд ч хэрэггүй” хөшөө болоод буй уг хөшөөг цаашид яах вэ гэдэг асуудал үүсээд байна. Төсөв батлагдсан энэ үед үрэлгэн зардлыг зогсоож, хаалт тавих эрхтэй ганц субъект нь МУ-ын Ерөнхийлөгч юм. Харин ЕТГ дээр уг асуудал одоогоор яригдаагүй байгаа  гэх мэдээлэл байна.

https://tsahiur.mn/n/s/5369


URL:

Tags: