Өнөөдөр Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна


Өнөөдөр Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын Зулын 25 буюу Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна. Бурхны шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг “Их дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул өргөж, их ерөөл айлддаг уламжлалтай.

Энэ өдөр айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм түм болон арвижиж их буян хурдаг байна. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг.

“Зулын 25″-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Дашрамд хэлэхэд, Зул өргөх ёсны талаар толилуулъя. Зулыг өргөх, зулын гол ороох, зул цутгах зэрэгт та гараа ариутгасан байхаас гадна зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх үүднээс амны хаалт зүүж болно. Мөн бусад хэрэглэгдэх зүйлсэд ч аль болох хир халдаалгүй, цэвэр гүйцэтгэх ёстой. Зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг ойртуулахыг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтрааж огт болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах бөгөөд зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна. Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу шар тос байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал.

Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. “Ум аа хум” хэмээх тарнийг сэтгэлдээ урин зулын голыг орооно. Бурхдын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учраас бүх зүйл ариун байх ёстой. Мөн голыг нь ороох үедээ Бурхны өмнө наминчлан, хүмүүстэй ярилгүй, сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж, эрхэм гурван эрдэнд залбиран бодох хэрэгтэй.


URL: