Туркээс төрөл зүйл нь үл мэдэгдэх амьтны араг яс олджээ


Туркээс төрөл зүйл нь үл мэдэгдэх амьтны араг яс олджээ

Өнгөрсөн долоо хоногт Туркийн зүүн хэсгийн Игдыр муж дахь хуучин ээрмэлийн үйлдвэрийн хашааг ухаж байсан ажилчид үл мэдэгдэх амьтны араг яс олжээ.

Газар доороос бүтнээрээ олдсон уг араг яс ойролцоогоор 1 метр өндөр бөгөөд махчин амьтных шиг шүдтэй байжээ.

Газар ухаж байсан ажилчид араг яс олсноо “Игдыр” их сургуулийн Биологийн олон янз байдлын хэрэглээ, судалгааны төвийн эрдэмтдэд мэдээлсэн байна. Улмаар судлаачид араг ясыг ямар амьтны төрлийнх болохыг тогтоох судалгааг хийхээр их сургуулийнхаа лаборатори руу авч явжээ.

“Игдыр” их сургуулийн багш Белкыс Мука Йигит “Бид араг ясыг судалж, ямар амьтны төрөл болохыг нь олж мэдэхийг хичээнэ. Цаашдаа энэ араг ясыг музейд хадгалах болно” хэмээжээ.

Хуучин ээрмэлийн үйлдвэрийн малтлагын ажлыг ахалж байсан дарга Юсуф Китай “Манай ажилчид сүүлийн 30-40 жил ашиглаагүй газарт ажиллаж байхдаа уг амьтны араг ясыг олсон. Араг ясны хэлбэр нь ажилчдын анхаарлыг татсан. Тэгээд судлаачдад мэдээлэл өгсөн. Бид ямар төрөл зүйлийнх нь үл мэдэгдэм амьтны арын хөл урт байгааг анзаарсан. Хөл нь туурай биш сарвуутай, бас хурц шүдтэй тул сонирхолтой амьтан байж магадгүй гэж бодсон” гэжээ.

Түүнчлэн тэрээр “Араг яс ямар амьтных болох нь судлагдвал сонирхолтой үр дүн гарна байх. Шинэ төрөл зүйл болох нь тогтоогдвол шинжлэх ухаанд хэрэг болно гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: dailysabah


URL: